Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Чанша хотод өнгөрсөн баасан гарагт зургаан давхар барилга нурсан бөгөөд аврагчид хэдэн арван хүнийг нуранги дороос гаргахаар ажилласаар байгаа билээ. Тэгвэл орон нутгийн цагдаа нар уг хэрэгтэй холбоотой есөн хүнийг баривчилсан болохоо мэдэгджээ.
Албаныхны мэдээлснээр, тус барилгын эзэн болон барилгын ажлыг хариуцаж байсан гурван хүнээс гадна уг байгууламжийн аюулгүй байдлын талаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн таван хүнийг саатуулсан аж. Ерөнхийдөө орон сууцны зориулалттай байсан энэхүү барилга дотор мөн кино театр, зочид буудал үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд ослын шалтгаан тодорхойгүй байна.
Гал сөнөөгчид одоогоор зургаан хүнийг эсэн мэнд гаргаж аваад байгаа ч олон арван хүн нуранги дор дарагдсан хэвээр байгаа гэж Чанша хотын дарга Жэн Жианшинь хэлсэн юм. Гэвч нурангийг цэвэрлэх хүнд машин механизмыг байрлуулах зай хязгаарлагдмал байгаагийн улмаас аврах ажиллагаанд хүндрэл учирсан бөгөөд ослын улмаас эвдэрсэн зэргэлдээх барилгууд мөн нурах эрсдэлтэй байгааг бүс нутгийн гал унтраах албаны хүн тэмдэглэжээ.
Хятадад барилгын ажил, аюулгүй байдлын стандарт сул байдгаас гадна орон нутгийн албан тушаалтнуудын авлига, хээл хахуулийн асуудлын улмаас тус улсад сүүлийн жилүүдэд хэд хэдэн барилга нурж, олон хүний амь эрсдээд байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Туул голын дагуу баригдсан барилга ууд аюултай хөрс нь маш зөалөн шавархаг