СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-04-28

Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ-ын өнөөдрийн /2022.04.28/ чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Үүний дараа Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулав. 

Тэрбээр, Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг 2016 онд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 72 дугаар чуулганаар баталсан бөгөөд хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх бүс нутгийн анхны хэлэлцээр юм байна. Одоогийн байдлаар тус  хэлэлцээрт БНХАУ, Бангладеш, Азербайжан, Филиппин, Исламын Бүгд Найрамдах Иран Улс зэрэг Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнууд нэгдэн орсон бөгөөд хэд хэдэн гишүүн орон хэлэлцээрт нэгдэн орох дотоод процедурыг дуусгах шатандаа явж байна гэлээ.

Мөн тэрбээр, тус хэлэлцээрийн зорилго нь олон улсын худалдааны хэлцлийг үр ашигтай, ил тод болгох, худалдаатай холбоотой цахим өгөгдөл болон баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрч, солилцох нөхцөлийг бүрдүүлэн хил дамнасан цаасгүй худалдааг дэмжих, үндэсний болон бүс нутгийн нэг цонхны үйлчилгээ, бусад цаасгүй худалдааны системийн харилцаа холбооны уялдааг хангахад оршиж байгааг онцолсон. Цааснаас цахим өгөгдөл, мэдээлэл солилцох хэлбэрт шилжих нь олон улсын худалдааг илүү хялбар, ил тод, үр дүнтэй, улмаар хүртээмжтэй болгож, Монгол Улсын Засгийн газрын цахим үндэстэн хөтөлбөрийн зорилттой уялдан нийцнэ гэж үзэж байгаа аж. 

Монгол Улсын хувьд 2015 оноос Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хүрээнд тус хэлэлцээрийн техникийн Ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд хэлэлцээрт нэгдэн орох бэлтгэл ажлын хүрээнд 2018 онд Монгол Улсын хил дамнасан цаасгүй худалдааны эрх зүйн орчин, техникийн бэлэн байдлын үнэлгээг гүйцэтгэсэн.

Энэхүү судалгаагаар Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлбэл худалдааны зардлыг 10 орчим хувиар, харин  тус хэлэлцээрийг Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээртэй хамтатган бүрэн хэрэгжүүлэх тохиолдолд худалдааны зардлыг 30 орчим хувиар бууруулж, улмаар экспорт, импортод зарцуулах хугацааг 55-60 хувиар хэмнэх тооцоо гарсан гэдгийг Гадаад харилцааны сайд танилцуулгадаа дурдсан. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав.

Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хэлэлцээрт нэгдэн орсноор Монгол Улсын хүлээх үүрэг, төлөх татвар, хураамжийн тухай болон худалдааны хэлцлийн зардлыг жилд 133 сая ам.доллараар хэмнэх боломжтой гэсэн судалгаа, тооцооны талаар, УИХ-ын гишүүн Н.Энхболд Дэлхийн худалдааны байгууллагын одоогийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ.

Ази. Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, 70 хувийн саналаар соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Тэрбээр, манай улс энэ хэлэлцээрт нэгдэн орсноор экспорт, импортын бичиг баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, худалдааны горимоо өөрчлөх, транзит тээврийн хугацааг богиносгох замаар худалдааны зардлыг бууруулахын зэрэгцээ санхүүгийн хууль бус урсгал болох татвараас зугтаах, худал мэдүүлэх зэргийг багасгах ач холбогдолтой гэж харж байгаа. Гэхдээ хөгжил дэвшилтэй зэрэгцээд гаалийн байгууллагад тулгамдсан байдаг авлига, хүн суртлын асуудлуудаа эргэж харвал яасан юм бэ. Гаалийн байгууллага ерөнхий хэлэлцээрт нэгдэн ороход бэлэн байгаа юу. Энэ хурдацтай өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхахад бэлэн үү хэмээн асуусан.

Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ц.Гэндэнцэвээн, гаалийн байгууллага шинэчлэлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, цахимжуулах ажлыг хийж байна. www.gaali.mn портал сайтаар дамжуулан хаанаас ч гаалийн байгууллагатай цахимаар харилцаж, гаалийн мэдүүлэг, бүрдүүлэлт хийх, гаалиас 36 нэр төрлийн лавлагаа авах боломжтой болсон. Цаасгүй худалдаанд шилжихийн тулд Ерөнхий хэлэлцээр батлагдсаны дараа хоёр талын хэлэлцээр хийгдэнэ. Үүнтэй холбоотойгоор хөрш хоёр оронтой цахимаар гаалийн зарим мэдээллүүдээ солилцож эхэлсэн. ОХУ-аас гаалийн мэдүүлгийг цахимаар авч эхэлсэн. БНХАУ-аас ачаа, тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг цахимаар авч байгаа. Цаашид хэлэлцээр батлагдан хэрэгжихэд гаалийн байгууллагын ажилд ямар нэг саад хүндрэл гарахгүй хэмээн хариуллаа.

Ингээд УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар уг хуулийг эцэслэн баталлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.