СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-04-28

ЧУУЛГАН: Төрийн өмчийн компаниудын хувьчлалаас эрчим хүчний компаниудыг хасах санал гаргалаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Өнөөдрийн /2022.04.28/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Төрийн өмчийн компаниудын хувьчлалаас эрчим хүчний компаниудыг хасах санал гаргасан. Байнгын хорооны санал, дүгнэлтэд сая дурдагдсан. Олон нийтэд нээлттэй худалдана гэсэн нэртэй ч ядуу амьдралтай байгаа иргэд худалдаж авч чадахгүй. Тав хүртэл хувийг нэг иргэн авч болно гэсэн байгаа. 34 хувийг нэг гэр бүлийн 6-7 гишүүн авчихаж болно. 20-30 компанитай хүн 6-7 компаниараа дамжуулаад авчих бас боломжтой. Тэр 34 хувиа авсан хүн төрийн өмчийн хүмүүсийг хахуульдаад захирлыг нь томилчихно. Ингэвэл тэр хүний мэдэлд эрчим хүчний компани очно гэсэн үг.

Эрчим хүчний компаниудын үнийг барьчихаад ашиггүй ажиллаж байна гэдэг. Ашигтай ажиллахын тулд үнээ нэмнэ. Нэмээд хэлэхэд энэ хувьчлалд хууль зөрчсөн зүйл байна. Эх үүсвэр, дамжуулах шугам хувьчлалд орчихсон явна. Гэтэл дамжуулах шугам төрийн мэдэлд байна гэсэн хуультай. Тийм учир стратегийн салбар болох эрчим хүчийг хувьчлах асуудалд анхааралтай хандаарай гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан: Энэ асуудал эхний хэлэлцүүлгийн үед яригдсан. Гурван чиглэлээр төрийн өмчит үйлдвэрийн газруудад бүтцийн өөрчлөлт хийх асуудлаар Засгийн газраас судалгаа хийсэн. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, 66-аас доошгүй хувь дээр төр хяналтаа тавих, 34 хүртэл хувийг нь нээлттэй хувьцаат компани болгох замаар дотоодын биржээр арилжаалж олон нийтийн хяналтад оруулах чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийгдэх юм.

Өнөөдөр тодорхой шалтгаанууд дурдаад хойшлуулаад байвал энэ бүтцийн өөрчлөлтийг хэзээ ч амжилттай хийж чадахгүй. Бид жагсаалтуудаа батлаад оролдлого хийж, болох болохгүй зүйлийг ил болгох ёстой. Энэ ажлын ихэнх амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байгаа. Эрчим хүчний төрийн өмчит үйлдвэрийн газруудын тухайд үндэсний диспетчерийн газар, дамжуулах шугамыг хасаад, бусад компаниудыг хувьчилж нээлттэй хувьцаат компани болгохоор Засгийн газар шийдвэрээ гаргасан гэлээ.

 

Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Улсын төсөв, түүний орлого, зарлага, мөнгөний ханш, инфляци, өрийн тааз ямар байна вэ. Томоохон стратегийн ордын үр өгөөжийг түлхүү ашиглах хэрэгтэй байна. Оюу толгойн ордын ашиглалтад аудит хийх, үндсэн гэрээндээ өөрчлөлт оруулах, борлуулалтын орлогыг монголын банкаар дамжуулдаг болох, олборлосон түүхий эд, бүтээгдэхүүнийг урьдчилан борлуулахтай холбоотой асуудалд хяналт тавьж буй эсэх, өгөөжтэй ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудын ил тод байдалд хяналт тавих ажил ямар түвшинд байна вэ хэмээн асуув.

Сангийн сайд Б.Жавхлан: Бид 2022 оны төсвийг хэлэлцэж байхдаа 2021 онтой адил эерэг байхаар төсөөлж байсан ч эдийн засгийн сөрөг нөлөөллүүд төсөөллийг өөрчиллөө. Ковидын хүндрэлээс бид бүрэн гараагүй байна. Дээр нь геополитикийн асуудал, зэвсэгт мөргөлдөөний нөлөөлөл хүчтэй байна. Үүн дээр урд хөршийн хилээр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд тавьсан хязгаарлалт нөлөөллөө.

Эдийн засгийн хувьд таван хувийн өсөлттэй байна гэсэн өөдрөг төсөөлөл буурч байна. Гэхдээ үүнийг богино хугацаанд даван туулахын тулд Засгийн газраас бүхий л боломжит арга хэмжээг авч байна. Хамгийн гол асуудал бол экспорт. Гол түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байгаа үед боломжоо алдаж байгаа нь харамсалтай. Экспортууд хэвийн болоод ирвэл бид хүндрэлээс богино хугацаанд гарах боломжтой. Гадны хөрөнгө оруулагчидтай уулзахад Оюу толгойн хөрөнгө оруулагчтай хэлцэлд хүрсэн байдал бусад олон хөрөнгө оруулагчдад монголд хөрөнгө оруулах идэвхийг сэргээсэн гэдгийг илэрхийлсэн. Харин богино хугацааны хүндрэл хөрөнгө оруулагчдыг үргээхээс сэргийлэн ажиллаж байна.

Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай урьдчилгаа авах, баяжмалтай хамт гарч байгаа алтыг хилийн цааны ялгаж байгаа ч түүнийг монголын төв банканд тушаах талаар ярилцсан. Монгол талд байгаа удирдлагын түвшинд ойлголцсон. Цаад талдаа тохирвол энэ асуудал нааштай шийдэгдэх боломжтой байгаа. Татварын тухайд аудитын хийгдэж байна. Эрдэнэт үйлдвэрийн экспорт хэвийн явж байгаа гэсэн хариултыг өгсөн юм.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авснаар анхны хэлэлцүүлэг өндөрлөж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.