Цэргийн хунтын дэглэмд шилжсэн Мьянмарын шүүх тус улсын удирдагч асан Аун Сан Су Чиг авлигын хэрэгт буруутай гэж үзэн, таван жилийн хорих ял оноожээ. Өмнө нь түүнийг мөн хэд хэдэн гэмт хэрэгт гэм буруутай гэж тогтоогоод байсан тул одоо тэрээр нийт 11 жилийн хорих ял сонсоод байна.
Мьянмарын цэргийн хунтын удирдагчид өнгөрсөн оны 2 дугаар сард төрийн эргэлт хийж, Засгийн газрыг түлхэн унагаснаас хойш Хатагтай Су Чи гэрийн хорионд байгаа билээ. Эрх баригчид 76 настай Нобелийн шагналтныг сонгогчдыг хууран мэхэлсэн зэрэг олон эрүүгийн хэрэгт буруутгаж байгаа ч тэрээр бүх хэргийг няцаасан юм. Түүнчлэн эдгээр нууц шүүх хурал нь зохион байгуулалттай гүтгэлэг гэж олон улсын хүний эрхийн байгууллагууд буруушааж байна.
Нийслэл Ней Пи Тауд болсон энэ удаагийн шүүх хуралдааныг олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хаалттай явуулж, хатагтай Су Чигийн өмгөөлөгчдийг сэтгүүлчидтэй ярилцахыг хоригложээ. Ингээд шүүх хурлын төгсгөлд, Аун Сан Су Чиг Янгон хотын дарга аснаас бэлэн мөнгө, алтан гулдмай хэлбэрээр 600 мянган ам.долларын хахууль авсан хэрэгт буруутай гэж үзсэн байна.
Одоогийн байдлаар, хатагтай Су Чи дахиад 10 авлигын хэрэгт холбогдоод байгаа бөгөөд хэрэг тус бүр нь 15 хүртэлх жилийн хорих ялтай аж. Хэрэв түүнийг бүх хэрэгт гэм буруутай гэж тогтоовол тэрээр нийт 190 гаруй жилийн хорих ял сонсоно гэж шинжээчид тооцоолжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.