Швед, Финланд улсууд НАТО эвсэлд гишүүнээр элсэх өргөдлөө хамт өгөхөөр тохиролцсон бөгөөд ирэх 5 дугаар сарын дундуур гэхэд хүсэлтээ өгнө гэж Нордикийн хэвлэлүүд мэдээлжээ.
Эдгээр хоёр улс НАТО-д нэгдэх хүсэлтэй байгаагаа адил өдөр илэрхийлэх хэрэгтэй гэж Стокгольмын эрх баригчид санал болгосон бөгөөд Хельсинкигийн зүгээс зөвшөөрсөн гэж Финландын "Илталехти" сонинд бичсэн байна. ОХУ Украинд цэргийн үйл ажиллагаа явуулах болсон нь Европын "аюулгүй байдлын нөхцөл байдал" болон Нордикийн бүс нутгийн "сэтгэлгээг эрс өөрчилсөн" гэж хоёр талын Ерөнхий сайд нар өмнө нь мэдэгдсэн бөгөөд энэ асуудлаар хэлэлцэж эхлээд байсан юм.
Оростой 1,300 км хилийг хуваалцдаг Финланд улс Москвагийн дургүйцлийг төрүүлэх эрсдэлийг үл харгалзан НАТО-д элсэх эсэхээ "яаралтай шийднэ" гэж тус улсын Ерөнхий сайд Санна Марин тэмдэглээд байсан. Тэгвэл Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон энэ талаар "Швед улс Оросын бүх төрлийн үйл ажиллагаанд бэлэн байх ёстой. Москва Украин руу довтлох үед бүх зүйл өөрчлөгдсөн" хэмээн онцолсон билээ.
Харин ОХУ эдгээр хоёр улсыг НАТО-д нэгдэхгүй байхыг удаа дараа анхааруулсан. Хэрэв энэ анхааруулгыг үл тоомсорловол Оросын зүгээс Балтын бүс нутаг дахь хамгаалалтаа бэхжүүлж, цөмийн зэвсэг байршуулах замаар "цэргийн тэнцвэрт байдлыг сэргээх" шаардлагатай болно гэж Кремль мэдэгдсэн юм.
Гэвч хамгийн сүүлийн үеийн санал асуулгаар, финландчуудын 68 хувь нь АНУ тэргүүтэй эвсэлд нэгдэхийг дэмжиж байгаа нь Украин дахь нөхцөл байдлаас өмнөх үеийнхээс хоёр дахин их үзүүлэлт бөгөөд ердөө 12 хувь нь уг алхмыг эсэргүүцсэн аж. Түүнчлэн Шведийн иргэдийн дийлэнх нь НАТО-гийн гишүүнээр элсэхийг дэмжсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.