Хэрэв Финланд, Швед улсууд НАТО-д элсвэл ОХУ Балтын бүс нутаг дахь хамгаалалтаа бэхжүүлж, тэр дундаа цөмийн зэвсэг байршуулахаас өөр аргагүйд хүрнэ гэж тус улсын Аюулгүйн зөвлөлийн ахлах гишүүн Дмитрий Медведев анхааруулжээ. Гэвч Орос улс Литва, Польштой хиллэдэг Калининград орчимд аль хэдийн цөмийн зэвсэг хадгалж байгаа гэж Литвын Батлан хамгаалахын сайд Арвидас Анушаускас тэмдэглэсэн байна.
Ерөнхийлөгч Владимир Путины ойрын холбоотон Медведевийн энэхүү заналхийлэл нь Барууны орнуудыг Украины өмнөөс тулалдахыг таслан зогсоох зорилготой Кремлийн цөмийн зэвсгийн талаарх олон сэрэмжлүүлгийн нэг юм. АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс энэ талаар "ОХУ-ын цэргийн хүчинд өнөөг хүртэл тулгараад байгаа бэрхшээл болоод Ерөнхийлөгч Путин ба бусад удирдагчийн цөхрөлийг харгалзан үзэхэд бидний хэн нь ч тактикийн цөмийн зэвсгийн боломжит хувилбараас үүдэлтэй аюул заналхийллийг үл тоомсорлож чадахгүй" гэж хэлжээ.
Финланд, Швед улсууд сүүлийн олон арван жилийн турш баримталж байсан цэргийн эвсэлд үл нэгдэх бодлогоосоо буцаж, НАТО-д элсэх эсэх талаар хэлэлцэж байгаа билээ. Эдгээр орны удирдагчдын үзэж буйгаар, ОХУ Украинд түрэмгийлсэн нь Европын "аюулгүй байдлын бүх нөхцөлийг" өөрчилсөн аж.
Тэгвэл Нордикийн хоёр улс НАТО-д нэгдсэн тохиолдолд ОХУ тус эвслийн гишүүн орнуудтай хуваалцдаг хуурай газрын хил хоёр дахин нэмэгдэнэ гэдгийг Ерөнхийлөгч асан Медведев онцолжээ. Тэрээр "Мэдээж бид энэхүү бүс нутаг дахь газар, агаар, тэнгисийн довтолгооноос хамгаалах хүчийг бэхжүүлэх шаардлагатай болно. Түүнчлэн Балтын тэнгисийн орчимд цөмийн зэвсэг байршуулж, тэнцвэрийг сэргээх ёстой болно. Орос улс ийм арга хэмжээ аваагүй бөгөөд төлөвлөж ч байгаагүй. Гэхдээ хэрэв манай улсад сонголт үлдээгүй тохиолдолд бид үүнийг эхэлж санал болгоогүй гэдгийг санаарай" хэмээн анхааруулсан байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.