Их Британийн цагдаа нар Ерөнхий сайд Борис Жонсоныг хөл хорионы үеэр төрсөн өдрийн үдэшлэгт оролцож, коронавирусийн дүрмийг зөрчсөн гэж тогтоон, торгосны дараа тус улсын Хууль зүйн сайд Дэвид Вольфсон огцрох өргөдлөө өгчээ. Тэрээр Ерөнхий сайдын үйлдлийг "хууль дээдлэх ёсонд нийцэхгүй" гэж тэмдэглэсэн байна.
Өөрийн "Твиттер" хуудаснаа байршуулсан мэдэгдэлд Вольфсон "Нийгмийн олон хүн их хэмжээний хувийн золиос гаргаж, цар тахлын дүрэм журмыг дагаж мөрдсөн байхад Ерөнхий сайдын үйлдэл үндсэн хуулийн дагуу шийтгэл хүлээхгүй байх нь буруу явдал. Тиймээс надад огцрох өргөдлөө өгөхөөс өөр сонголт үлдсэнгүй" гэж бичжээ.
Борис Жонсон 2020 оны 6 дугаар сард өөрийнх нь төрсөн өдөрт зориулсан үдэшлэгт оролцсон нь энэ оны эхээр ил болсон бөгөөд тухайн үеийн дүрэм журмын дагуу аливаа байгууламж дотор хоёроос дээш хүн цугларахыг хориглоод байсан аж. Тэгвэл Лондоны цагдаагийн газар Ерөнхий сайд Жонсон, түүний эхнэр Кэрри болон Сангийн сайд Риши Сунак нарт 50 фунт стерлингийн торгууль ногдуулсан бөгөөд ноён Жонсон өнгөрөгч мягмар гарагт торгуулиа төлсөн гэж мэдэгдсэн билээ. Ерөнхий сайдын холбоотнууд түүнийг төрсөн өдрийн үдэшлэгтээ ердөө есөн минутын турш байсан гэж зөвтгөсөн ч энэхүү арга хэмжээ коронавирусийн дүрэм зөрчсөн нь тодорхой байгааг Дэвид Вольфсон онцолжээ.
My letter to the Prime Minister today. pic.twitter.com/lADCvKDKbB
— David Wolfson (@DXWQC) April 13, 2022
Тэрээр Ерөнхий сайдад хандаж бичсэн захидалдаа "Энэ бол зөвхөн Даунинг Стритэд болсон явдал эсвэл таны үйлдэлтэй холбоотой асуудал биш. Энэ хэргийн талаарх албан ёсны хариу арга хэмжээ нь магадгүй үүнээс ч чухал байх. Бид эдгээр асуудалд адил байр суурьгүй нь тодорхойгүй байгаа тул би танаас огцрох өргөдлийг минь хүлээн авахыг хүсэж байна" хэмээсэн байна.
Үүний хариуд Борис Жонсон "ийм захидал хүлээж авсандаа харамсаж буйгаа" илэрхийлээд, ноён Вольфсоны үзүүлсэн хувь нэмэрт талархан, цар тахлын үед шүүх засаглалын салбарт хийсэн ажлыг нь онцлон тэмдэглэжээ.
Одоо Лондоны цагдаагийн газар ноён Жонсонтой холбоотой зургаан өөр хэргийг шалгаж байгаа ба түүнийг огцрохыг шаардсан иргэдийн хөдөлгөөн хүчээ авсаар байна. Түүний оролцсон бусад цуглаан, тэр дундаа 100 гаруй хүнийг урьсан цэцэрлэгт хүрээлэнгийн үдэшлэгийг коронавирусийн дүрмийг зөрчсөн гэж үзвэл түүнд нэмэлт торгууль ногдуулах магадлалтай юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.