АНУ-ын Нью-Йорк хотын Брүклин дүүрэгт байрлах метроны буудалд өнгөрөгч мягмар гаргийн өглөө зэвсэгт халдлага үйлдэж, 10 зорчигчийг буудсан хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг баривчилжээ.
Цагдаа нар 62 настай Фрэнк Р Жэймс гэх эрэгтэйн байршлын талаар мэдээлэл хүлээж авсныхаа дараа түүнийг лхагва гаргийн үдээс хойш Манхэттен орчмоос баривчилсан байна. Албаныхан түүнийг 30 цагийн турш эрэн сурвалжилсны эцэст ийнхүү саатуулсан бөгөөд "Баривчилгааны үеэр ямар ч хүндрэл гараагүй. Түүнд зугтах газар үлдээгүй" гэж Нью-Йоркийн цагдаагийн комиссар Кичант Сьюэлл мэдэгджээ.
Сансет Паркийн 36-р гудамжны метроны буудалд гал нээсэн Фрэнк Р Жэймс барилгын ажилтны хантааз, хамгаалалтын малгай, хорт хийн баг өмссөн байсан аж. Тус метроны буудлын хяналтын камерын доголдлоос болж сэжигтнийг тогтоох ажиллагаа хүндрэлтэй болоод байсан юм.
Эрх баригчдын хэлснээр, Ноён Жэймсийг нийтийн тээврийн системд "террорист болон бусад төрлийн халдлага" үйлдэхийг хориглосон холбооны хуулийг зөрчсөн зэрэг хэд хэдэн зүйл ангиар яллах гэнэ. Хэрэв түүний гэм буруутай нь нотлогдвол тэрээр бүх насаараа хоригдох ял сонсож магадгүй аж. Түүнлэн Фрэнк Р Жеймс өмнө нь есөн удаа баривчлагдаж байсныг цагдаа нар тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.