Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас зохион байгуулдаг #ИРГЭДИЙН_ИНДЭР нээлттэй уулзалт өнгөрсөн долоо хоногт болж Төмөрлөгийн үйлдвэрийг олон нийтийн өмчид авах залуучуудын байр суурийг сонссон.
Иргэд үйлдвэрийн асуудлаар талуудыг байлцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, гарсан саналыг шийдвэр гаргах түвшинд хүргүүлэхийг иргэдээс хүссэн бөгөөд өнөөдөр “Залуучууд театрт” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.
Хэлэлцүүлэг эхлэхэд 600 гаруй хүн иржээ. Хэлэлцүүлэгийг нээж Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэлэхдээ “Иргэдийн индэр” нээлттэй уулзалтаар иргэдийн санал бодол, байр суурийг нь сонсдог юм. Өнгөрсөн долоо хоногт залуучууд Хар төмөрлөгийн үйлдвэрийг төрд авах асуудлыг тавьсан, мөн залуучуудыг ажлын байраар хангах асуудал хөндөгдсөн байгаа.
Энэ дагуу Ажлын хэсэг байгуулагдан судалгаа хийж байна. Мөн Дархан-Уул аймгийн төвд худалдаа үйлчилгээ хийх төв байгуулах шийдвэр гаргахаар болж байгаа гэв.
Өнөөдрийн хэлэлцүүлэг нь хоёр талын байр суурийг сонсох бөгөөд хэлэлцүүлэгт иргэд, ажилчид болон үйлдвэрийг концессын гэрээгээр авсан “Кью Эс Си” компанийнхан оролцож байгаа юм байна.
Тиймээс Дарханы Засаг дарга Хар төмөрлөгийн үйлдвэрийн Гангийн цогцолбор бол аймгийн хэмжээнд хийгдэх хоёр мега төслийн нэг бөгөөд өнгөрсөн жил ашиглалтад орох байсан ч одоо болтол ороогүй байгаа. Энэ бол аймгийн хэмжээнд ажилгүйдлийг бууруулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих нэг том төсөл учраас хэлэлцүүлэг энэ хүрээнд өрнөнө хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.