ОХУ-ын Либерал ардчилсан намын дарга Владимир Жириновский 75 насандаа таалал төгссөн болохыг Төрийн Думын дарга Вячеслав Володин мэдэгджээ.
Тэрээр коронавирусийн эсрэг вакцины найман тун тариулсан боловч өнгөрөгч 2 дугаар сард цар тахлын халдвар аван, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй гэх мэдээлэл ил болсон юм. Эх сурвалжуудын хэлснээр, түүний биеийн байдал маш хүнд байсан бөгөөд тэрээр таалал төгссөн гэх мэдээлэл өнгөрсөн сард хоёр ч удаа тархсан ч гэр бүлийн гишүүд нь эрс үгүйсгэсэн билээ.
Тэгвэл энэхүү мэдээллийг ноён Володин ийнхүү батлахдаа Жириновскийг "Дэлхий ертөнц хэрхэн ажилладгийг гүн гүнзгий ойлгож, их зүйлийг урьдчилан харж чаддаг хүн байсан" хэмээн тэмдэглэжээ.
Жириновский өнгөрсөн оны 12 дугаар сард Төрийн Думын гишүүдийн өмнө сүүлийн удаа үг хэлэхдээ Украин дахь цэргийн үйл ажиллагааны талаар анхааруулсан бөгөөд хэзээ өрнөхийг нь ч зөв таамагласан аж.
Хэт үндсэрхэг үзэлтэй улс төрийн удирдагч тэрээр Оросын сөрөг хүчний нэг хэсэг байсан бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд зургаан удаа нэр дэвшиж байсан юм. Тэрээр 30 гаруй жил үргэлжилсэн улс төрийн карьерынхаа хугацаанд хачирхалтай үзэл бодол, мэдэгдлүүдээрээ оросуудыг гайхшируулж, хөгжөөж байсныг орон нутгийн мэргэжилтнүүд онцолжээ. Жишээлбэл, улс төрийн тоймч Константин Эггерт Владимир Жириновскийг "Кремлийн халаасны үндсэрхэг үзэлтэн, дуулиан дэгдээгч" хэмээн тодорхойлсон байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Arai ih uusan da