Шри Ланкад эм тариа, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хомстол үүссэний улмаас нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарлажээ. Ингэснээр тус улсын эрүүл мэндийн байгууллагууд зөвхөн яаралтай болон нэн шаардлагатай тусламжийн үйлчилгээг чухалчлах юм.
Эдийн засаг, гадаад валютын томоохон хямралын улмаас тус улсад цахилгааны хязгаарлалт, түлш, хоол хүнс, эм тарианы хомстол нүүрлээд байгаа ба бухимдсан иргэд Ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн эсрэг жагсаж байгаа билээ. Одоогоор Ноён Ражапаксагийн танхим тэр чигээрээ огцорсон ч тэрээр албан тушаалдаа үлдсэн бөгөөд оронд нь сөрөг хүчний намуудтай хамтарсан Засгийн газар байгуулж, шинэ гишүүдийг сонгохыг санал болгосон аж. Гэвч сөрөг хүчний удирдагчид бүгд татгалзсан байна.
Тэгвэл Шри Ланкийн Засгийн газрын эмнэлгийн ажилтнуудын холбоо өнгөрөгч даваа гарагт яаралтай хуралдсаны эцэст эрүүл мэндийн онц байдал зарлахаар шийджээ. Үүссэн нөхцөл байдлын улмаас тус улс орон даяарх эрүүл мэндийн байгууллагууд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхэд ч хүндрэлтэй болсон аж.
Уг холбооны мэдэгдэлд "Засгийн газар болон Эрүүл мэндийн яам эмнэлгийн системийг бүрэн нурж унахаас сэргийлж чадаагүй. Засгийн газар хүмүүсийн амьд явах, эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийг ч баталгаажуулж чадсангүй" хэмээн тэмдэглэжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.