Украинд түрэмгийлж буй Оросын цэргүүд Чернобылийн атомын цахилгаан станцаас явсан бөгөөд одоо тус бүсэд "гадны хүн" байхгүй гэж тус станцын ажилтнууд мэдэгджээ.
Чернобылийн "хориотой бүс"-ийг эзлэн аваад байсан Оросын цэргийн хүчин Беларусын хил рүү хөдөлж, цөөн тооны цэргийг ардаа орхисон гэх мэдээлэл өмнө нь тархаад байсан билээ. Тэгвэл Украины цөмийн эрчим хүчний "Энергоатом" компани "Түрэмгийлэгчид Чернобылийн атомын цахилгаан станцыг орхиж буйгаа өнөө өглөө зарласан" хэмээн мэдэгдсэн байна.
Энэхүү мэдэгдэл нь АНУ-ын батлан хамгаалахын өндөр албан тушаалтнуудын өнгөрөгч лхагва гарагт гаргасан тагнуулын мэдээлэлтэй нийцэж байгаа аж.
Түүнчлэн Оросын цэргүүд Чернобылийн АЦС-ын хамгийн их "бохирдсон" хэсэгт шуудуу ухаж, цацраг идэвхт бодист "их хэмжээгээр" өртсөн гэж "Энергоатом" компани тэмдэглэсэн бөгөөд одоо тэдний зарим нь Беларусь улсад эмчлүүлж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Станцын ажилтнуудын хэлснээр, зарим цэрэг цацрагийн бүсэд байгаа гэдгээ огтхон ч мэдээгүй гэнэ.
Харин ОХУ-ын арми станцыг эзэлснээс хойш тус бүсийн цацрагийн түвшин хэвийн хэмжээнд байсан гэж мэдэгдсэн хэдий ч Олон улсын атомын энергийн агентлаг үүнийг баталгаажуулах боломжгүй гэжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.