АНУ-ын кино академийн шагнал гардуулах 94 дэх удаагийн Оскарын наадам өчигдөр болж өнгөрсөн бөгөөд энэ үеэр жүжигчин Уилл Смит тайзан дээр гарч ирэн, комедиан Крис Рокийг алгадсан билээ. Тэгвэл Смит энэ үйлдлийнхээ төлөө уучлалт гуйж, өөрийнхөө гаргасан зан авирыг "хүлээн зөвшөөрч, зөвтгөх аргагүй" хэмээн тодорхойлжээ.
Тэрээр өөрийн "Instagram" хуудаснаа өнөөдөр байрлуулсан албан ёсны мэдэгдэлдээ "Би чамаас олон нийтийн өмнө уучлалт гуймаар байна, Крис. Би хэрээс хэтэрсэн үйлдэл гаргасан бөгөөд миний буруу байсан" гэж бичсэн байна.
Тэрээр мөн Крис Рокоос гадна Кино академи болон Уильямсын гэр бүлээс уучлалт хүсэж, "Бид бүгдийн хувьд гайхалтай аялал байсан зүйлд миний зан авир сөргөөр нөлөөлсөнд гүнээ харамсаж байна" хэмээжээ.
Уилл Смит үргэлжлүүлэн "Ямар ч төрлийн хүчирхийлэл бол хор хөнөөлтэй зүйл. Өчигдөр орой болсон Академийн шагнал гардуулах ёслолын үеэр миний биеэ авч явсан байдал бол хүлээн зөвшөөрч, зөвтгөх аргагүй явдал байсан. Хүмүүс миний талаар хошигнох нь миний ажлын нэг хэсэг боловч Жадагийн эрүүл мэндийн асуудлын талаар тоглоом шоглоом хийхийг сонсоод тэвчихэд хэцүү байсан бөгөөд би сэтгэл хөдлөлөөрөө хариу үйлдэл үзүүлсэн" хэмээн тайлбар хийсэн юм.
Түүний энэхүү мэдэгдлээс өмнө Кино академи Смитийн үйлдлийг буруушааж, албан ёсоор судалж үзэхээ зарласан билээ. Зарим хүн Уилл Смитийн Оскарын шагналыг цуцлах боломжтой гэж үзэж байгаа ч Академийн зүгээс түүний гишүүнчлэлийг түдгэлзүүлэх зэрэг харьцангуй зөөлөн шийтгэл ногдуулах магадлалтай. Түүнчлэн Крис Рокийн байр сууриас их зүйл шалтгаалах бөгөөд одоогоор тэрээр цагдаад гомдол гаргахаас татгалзаад байгаа юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.