АНУ-ын кино академийн шагнал гардуулах 94 дэх удаагийн Оскарын наадам яг одоо Лос Анжелес хотноо өрнөж байгаа билээ. Тэгвэл уг наадмын шууд дамжуулалтын үеэр жүжигчин Уилл Смит гэнэт тайзан дээр гарч ирэн, комедиан Крис Рокийг алгадсан нь шуугиан тариад байна.
Шилдэг баримтат киноны ялагчийг зарлах гэж байсан Крис Рок Уилл Смитийн эхнэр Жада Пинкетт Смитийн гадаад төрхийн талаар хошигносон бөгөөд Уилл Смит эхэндээ инээж байсан ч удалгүй тайз руу ойртон, Рокийн нүүр рүү хүчтэй алгадсан юм. Үзэгчид үүнийг зохион байгуулалттай хошигнол гэж бодож байсан ч энэ бүхэн тоглоом шоглоом биш болох нь тун удалгүй тодорхой болжээ.
Илт гайхсан байдалтай Рок "Хөөх, Уилл Смит намайг алгадчихлаа" гэж хэлэхэд Смит хариуд нь "Миний эхнэрийн нэрийг дурдаад ч хэрэггүй" хэмээн ууртайгаар хашхирахдаа хараал хэлсэн байна. Алдартай жүжигчин эр телевизийн шууд дамжуулалтын үеэр ийнхүү зохисгүй үг хэрэглэж болохгүйг сайн мэдэх бөгөөд Крис Рок ихэд балмагдсан харагдаж байсан тул зочид ноцтой нөхцөл байдлыг ухааран, Оскарын наадмыг эвгүй уур амьсгал бүрхсэн юм. Ингээд Рок байдлыг дээрдүүлэхийг оролдохдоо "Энэ бол телевизийн түүхэн дэх хамгийн агуу шөнө байлаа" хэмээн хошигножээ.
Тэгвэл Уилл Смит энэ явдлаас дараахан Шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорсон бөгөөд тэрээр нулимс дуслуулан сэтгэгдлээ хэлэх үеэрээ Крис Рокийг цохисондоо уучлал гуйсан юм.
Тэрээр "Би академиас уучлал гуймаар байна... Мөн хамт нэр дэвшсэн нөхдөөсөө ч уучлал гуймаар байна. Урлаг амьдралыг дуурайдаг гэдэг. Би яг л өөрийн бүтээсэн Ричард Уильямсын дүртэй адил галзуу аав шиг харагдаж байна. Гэхдээ хайр хүнийг галзуу зүйл хийхэд хүргэдэг шүү дээ" хэмээн хэлсэн байна.
Эх сурвалж: The Guardian, BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.