УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2022.03.29/ зохион байгуулж буй Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байгаа.
Энэ үеэр Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлтийн талаар Хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатараас тодрууллаа.
Ж.Эрхэмбаатар: Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийн хийсэн тайлан дүгнэлтийг ярьж байгаа болохоор өмнө нь ярьж байсан зүйлээ давтан хэлэлцэж буй мэт харагдаж магад. Өнгөрсөн хугацаанд гаргасан алдаагаа бодитоор олж харах, зарим нэг алдаа дутагдлаа залруулах боломжийг ажлын хэсэг олгож байна.
Өнөөдрийн хэлэлцүүлгээс гарах дүгнэлтийн хувьд өмнө нь Үндэсний аудитын газар, Монголбанкны хийсэн дүгнэлттэй давхцаж байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд тайлангаас алдаа дутагдлаа засаж, чадаагүй байна гэсэн үг. Байнга яагаад давтагдаад байгаа гэхээр засагдахгүй байна гэсэн үг.
УИХ-иас Хөгжлийн банктай холбоотойгоор 2011, 2017 онд эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр хууль баталсан байдаг. Миний хувьд уг ажлыг аваад Хөгжлийн банкны хууль, эрх зүйн орчинтой танилцах явцад батлагдсан хууль муу байгаагүй. Харин уг хуулийг хэлбэр нэрийн дор хэрэгжүүлсэн. Хуулийн хүрээнд журмаа хэрэгжүүлээгүй. Хуулийг хангаж ажиллах ёстой албан тушаалтнууд нь өөрсдөө ашиг сонирхлын зөрчилтэй байсан учраас уг хуулийг хэрэгжүүлж чадаагүй гэж дүгнэж байна.
Хөгжлийн банкны зүгээс ямар нэгэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоогүй. Шүүх дээр хэлэлцэгдэж байгаа зарим нэг байгууллагын барьцаа хөрөнгө дээр хамгаалалтын арга хэмжээ авсан. Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй байгууллагын дансыг битүүмжилсэн зүйл байгаа.
Хэлэлцүүлгийн үеэр Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн хувьд улс төрчдийн хамаарал бүхий байгууллага байгааг мэдээлсэн. Гэхдээ хэн нэгэн улс төрчийн нөлөөнд орж зээл олгосон эсэхийг хянаж шалгана. Зарим улс төрчдийн нөлөө бүхий компаниуд зээлээ төлөөд явж байгаа.
Түүнчлэн зарим нэг зээлийн хувьд хэвийн зээл биш гэмт хэргийн шинжтэй зээл байгаа учраас АТГ-т шалгуулахаар өгсөн.
Хөгжлийн банкны хувьд зарим зээл олгогч нарт валют болон төгрөгөөр зээл олгосон. Ханшийн эрсдэлийг бүгд үүрч байгаа. Гэхдээ анх зээл авахдаа харилцан тохиролцож, валютаар зээл авна хэмээн гэрээ хийсэн. Уг гэрээний дагуу валютаар зээлээ төлөх ёстой.
Уг хэлэлцүүлэгт чанаргүй зээл авсан зээлдэгч нар оролцоосой гэж хүсэж байна. Хөгжлийн банкны зүгээс чанаргүй зээлдэгч нарын зээлийг төлүүлэх тал дээр ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нар ирж уулзаж байна. Зарим нь “Хоёр жил худлаа ярилаа. Одоо төлье”, “Барьцаа хөрөнгөө зараад зээлээ төлнө” гээд ирж уулзаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бас нэг хог шаар гараад ирсэн гэсээн. Энэ банк ийм хог шааруудаас салахгүй юм байна.