МҮОХ-ны VIII ээлжит чуулган өнөөдөр /2022.03.28/ эхэлж шинэ удирдлагыг бүрэлдэхүүнээ сонгох гэж байна. Одоогийн Ерөнхийлөгч МУГТ Н.Түвшинбаяр хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан, ээлжит чуулганы хугацаа дуусгавар болсон зэргээс шалгаалж ийн удирдлагын багт өөрчлөлт орж байна.
МҮОХ-ны Ерөнхийлөгчид одоогийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Биатлоны холбооны Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар нэрээ дэвшүүлсэн.
Харин Тэргүүн дэд Ерөнхийлөгчид О.Одбаяр нэрээ дэвшүүлж буйгаа өөрийн цахим хуудсаар зарлажээ. Тэрбээр "Миний анхны мэргэжил бол нийтийн биеийн тамир спортын хөгжлийн гол цөм болсон спорт тоглоомын багш бөгөөд энэ мэргэжлээр Украйн Улсын Киев хотын Багшийн Их Сургуульд суралцаж 22 насандаа төгссөн. Би өөрийн залуу насыг Монгол Улсад спортын олон төрлийг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулсан бөгөөд тамирчин, дасгалжуулагч, спонсор зэргээр бүхий л түвшинд ажиллаж, өөрийн амьдралынхаа бүхий л цаг хугацааны туршид Монгол Улс дахь олимпийн хөдөлгөөнийг хөгжүүлэх үйлсэд анхаарч ирсэн" гэжээ.
Мөн Монголын воллейболын эмэгтэй шигшээ багийг үндэслэж дасгалжуулсан, анхны олон улсын тэмцээнд нь хөтлөн орсноос эхлээд ширээний теннисний холбоог үүсгэн байгуулалцаж, бусад олон спорт холбоог үүсгэн байгуулахад өөрийн биеээр оролцож ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар шинэ олимпийн спортын төрлийг Монголдоо нутагшуулахаар Каноэ, Каяакийн холбоог байгуулж, удирдан ажиллаж байна.
Би Монголын Үндэсний Олимпын Хорооны үйл ажиллагааг илүү дэвшилтэд, технологид суурилсан үлгэр жишээ хамтын ажиллагааг бүрдүүлж, Монгол Улсад Олимпын хөдөлгөөнийг хөгжүүлэх үйл хэрэгт төр-хувийн хэвшил, тамирчид-дасгалжуулагчид, хөгжөөн дэмжигч-спонсор зэрэг спортод оролцогч талуудын олон талт хамтын ажиллагааг хангах гүүр нь болж ажиллахад өөрийн мэдлэг туршлагаа зориулна.
Түүнчлэн миний бие спортын үр өгөөжийг оролцогч бүх талуудад хүртээмжтэй хэлбээр хүргэх менежментийн шинэ арга барилыг нэвтрүүлэн ажиллах бөгөөд биеийн тамир спортыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг хариуцан ажиллаж, Биеийн тамир спортын тухай хуулийн шинэчлэлд орж ажиллах замаар спорт холбоо, тамирчин дасгалжуулагч зэрэг оролцогч талуудын эрх ашиг, эв нэгдэлийг хангаж ажиллахад онцгой анхаарах болно гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.