БНСУ-ын Засгийн газар Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг өршөөлөөр суллах шийдвэрийг өнгөрсөн оны 12 дугаар сард гаргасан билээ. Тэгвэл Пак Гын Хэ өнгөрөгч 11 дүгээр сараас хойш хэвтэн эмчлүүлж байсан "Самсунг" эрүүл мэндийн төвөөс өнөөдөр гарсан байна.
Авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 22 жилийн хорих ял сонссон тэрээр дөрвөн жил есөн сарын турш хоригдсоны эцэст ийнхүү суллагдаж байгаа юм. "Самсунг" төв рүү чиглэсэн гудамж өнөөдөр өглөөнөөс хойш цэцэгт мэндчилгээгээр дүүрсэн бөгөөд ойр орчимд нь олон тооны цагдаа цугларсан аж. Мөн Ерөнхийлөгч асанд баяр хүргэхээр 40 орчим дэмжигч нь хүрэлцэн ирсэн ба тэдний дунд түүний засаг захиргааны хуучин албан тушаалтнууд байжээ.
Пак Гын Хэ иргэддээ хандан "Таван жилийн дараа ийнхүү ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлж байгаадаа таатай байна. Та бүхний дэмжлэгийн ачаар миний бие их сайжирсан" гэж хэлсэн байна. Гэвч тэрээр нэмэлт асуултад хариулаагүй бөгөөд улс төрийн ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй.
Тэрээр мөн Дэгү дэх шинэ байрандаа очихоосоо өмнө талийгаач аав, Ерөнхийлөгч асан Пак Жон Хигийн булшинд хүндэтгэл үзүүлсэн байна. Ингээд тэрээр Дэгү хотод очсоныхоо дараа олон нийтэд хандаж албан ёсны мэдэгдэл хийх төлөвтэй байгаа юм.
Тэр дундаа Пак Гын Хэ шинэ Ерөнхийлөгч Юн Сок Ёлын талаар дурдах эсэхийг шинжээчид анхааралтай ажиглаж байна. Ерөнхий прокурор асан Юн нь 2017 онд Пакын авлигын хэргийг шалгасан бөгөөд улмаар түүнийг огцруулж, ял эдлэхэд хүргэсэн билээ.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Севол хөлөг онгоцонд явсан ахлах сургуулийн олон хүүхэд живж амиа алдахад яаралтай арга хэмжээ аваагүй авгай шүү
Үнэн ч юм уу,худал ч юм уу бүү мэд. Төрийн эрхийн төлөө хэнийг ч юу гэж ч гүтгэж хилсдүүлж болох аймшигтай нийгэмд бид амьдарч байна.