ОХУ Барууны орнуудын хориг арга хэмжээнд хариу цохилт өгч, энэ оныг дуустал зарим төрлийн бүтээгдэхүүний экспортыг хориглохоор шийдвэрлэсэн билээ. Тэгвэл тус улсын Засгийн газраас хоригт багтсан бараа бүтээгдэхүүн, техник технологийн жагсаалтыг гаргасан байна.
Энэхүү мэдэгдэлд "Жагсаалтад харилцаа холбоо, техник, тээвэр болон эмнэлгийн хэрэгсэл, хөдөө аж ахуйн машин, цахилгаан тоног төхөөрөмж, ойн аж ахуйн зарим бүтээгдэхүүн зэрэг нийт 200 гаруй нэр төрлийн бараа багтсан. Үүнд төмөр замын вагон болон зүтгүүр, чингэлэг, турбин, металл ба чулуу боловсруулах машин, монитор, проектор, консол, самбар гэх мэт зүйлс хамаарна" хэмээн дурджээ.
Мөн цаашид гадаадын хөлөг онгоцнуудыг Оросын боомтуудад нэвтрэхийг хязгаарлаж магадгүй гэж Эдийн засгийн яамнаас мэдэгджээ. Тус яамны төлөөлөгч энэ талаар "Нөхөрсөг бус үйлдэл хийсэн улс орнуудад тавьсан хориг нь эдийн засгийн гол салбаруудын тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилготой" гэж тайлбарласан байна.
Эдгээр хориг, хязгаарлалт нь АНУ болон Европын Холбооны орнууд зэрэг нийт 48 орчим улсад хамаарах аж. Гэхдээ Гүржийн салан тусгаарласан бүс нутаг болох Өмнөд Осет, Абхаз болон Орос тэргүүтэй Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудыг экспортын хоригоос чөлөөлөх боломжтой гэж албаны хүмүүс онцолжээ.
Түүнчлэн уг хориг арга хэмжээний хүрээнд, ОХУ-д үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниудын үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнүүдийн экспортыг зогсооно гэж Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгдсэн юм.
Эх сурвалж: TASS, BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.