Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт өвчний халдвар ихээр бүртгэгдэж эхэлсэн талаар ЭМЯ-наас анхааруулсан. ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч Т.Мөнхзулаас уг өвчний тархалт болон урьдчилан сэргийлэх аргын талаар тодрууллаа.
-Энэ өвчин ямар шинж тэмдэгээр илэрч байгаа вэ?
-Менингококк халдвар нь ерөнхий хордлогын шинжээр илэрч, арьсан дээр өвөрмөц тууралт гардаг нянгийн гаралтай амьсгалын замын хурц халдварт өвчин юм. Тус халдвараар өвдсөн болон хамар залгиурын үрэвсэлтэй хүмүүс аль эсвэл нян тээгчид халдварыг дамжуулдаг. Энэ халдвараар ихэвчлэн 5-аас доош насны хүүхдүүд өвддөг. Нууц хугацаа богинотой. Дундаж нууц хугацаа нь 6-7 хоног байдаг.
Менингококкын халдвар авсан тохиолдолд өндөр халуурна. Цочмог шалтгаан тодорхойгүй халуурах, хоол унданд дургүйлхэх, дотор муухайрах, ядарч сульдах мөн түүнчлэн эмзэг мэдрэмтгий болох, арьс нь цонхийх зэрэг шинж тэмдэг давамгай илэрнэ. Ийнхүү 1-2 хоногийн дараагаас үндсэн шинж тэмдэг болох цусархаг тууралт гардаг. Хүнд явцтай үед 12 цагийн дотор цусархаг тууралт хөл, гуянаас эхэлж гарна. Нэн хүнд хэлбэрийн өвчлөлтэй үед 4-6 цагийн дотор хөл, гар, нуруу, цээж, нүүрээр цусархаг тууралт гарч богино хугацаанд хүндэрч, гүн шокоор хүндэрдэг аюулт өвчин юм.
Менингококкын өвчнийг монголчууд "цахилгаан менингит" гэх нэршлээр нь андахгүй. Дэлхий даяар жилд дунджаар 500-1.2 сая хүн менингококкт халдвараар өвчилж, 50-135 мянган хүн нас бардаг байна. Харин манай улсын тухайд энэ өвчин 1950 оноос хойш бүртгэгдэж, менингококкт халдварын гурван удаагийн томоохон дэгдэлт гарсан байдаг.
-Өвчний шинж тэмдгийг таамаглавал хаана хандах вэ?
-Шалтгаан тодорхойгүй өндөр халуурвал харъяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах ёстой. Нэгэнт менингококкын халдвар авсан тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандана. Бүрэн эдгэрсний дараа эмчийн хяналт дор гаргана. Халдварын голомт гарсан тохиолдолд гэр бүлийнхнийг нь антибиотек эмчилгээгээр эмчлэх, вакцинжуулах ажлыг ХӨСҮТ хийдэг.
Хүүхдэдээ үзүүлэх асаргаа сувилгаагаа сайжруулж, биед нь ямар өөрчлөлт гарч байгааг ажигла. A, С витамин сайн өг, шингэн зүйл уулга. Таны хүүхдэд дээрх шинж тэмдэг илрэх юм бол яаралтай 103, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсаар дуудлага өг. Маш хурдан эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй шүү. Хүүхдийн амь нас нэг, хоёр, арав, хорин минутаар хэмжигддэг учраас яаралтай тусламж авах ёстой. Хамгийн гол нь энэ өвчин 100 хувь эдгэрдэг гэдгийг эцэг, эхчүүд мэдээсэй.
-Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга бий юу?
-Урьдчилан сэргийлэх гол үндсэн арга нь ерөөсөө л насан хүрэгчдийн эрүүл мэндийн сахилга бат. Өвчнийг эцэг, эхчүүд л тараадаг бөгөөд өвчний нян хамар, залгиурт байдаг. Тэр дундаа залгиурт. Тийм учраас хоолой нь өвддөг, архаг ангинатай хүмүүс даруй эмчлүүлэх хэрэгтэй. Мөн өвчлөл гарч байгаа энэ үед арав, арав хоногоор ээлжлээд хоолойгоо царван, сода, лимон, давсны уусмалаар зайлж байх хэрэгтэй. Энэ бүхэн байхгүй үед буцалсан цэвэр усаар ч хамаагүй хоолойгоо зайлж болно.
Харин хоолойгоо зайлж мэдэхгүй бага насны хүүхдэд өглөө, оройдоо зөгийн бал долоолгож байгаарай. Яагаад гэвэл халдвар хүний хамар, залгиур буюу хоолойд байдаг учраас нян үржиж буй орчныг өөрчлөх ёстой. Ингэж нянгийн орчныг өөрчилж чадвал менингококкийн нян маш амархан үхдэг. Түүнчлэн хүүхдээ хөхүүлэхдээ эхчүүд гараа маш сайн угааж, хөхөө тогтмол цэвэрлэж байх нь зүйтэй. Мөн хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх нь зөв. Учир нь менингококк нь агаар дуслын халдвар. Тэгэхээр таны шүлсний дуслаар дамжих нь. Ингээд зогсохгүй хамгийн гол нь бага насны хүүхдийг дагуулж айл, үзвэр үйлчилгээний газар, дэлгүүр хоршоо хэсэхгүй байх хэрэгтэй.
-Танд баярлалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.