Европын Холбоо ОХУ-ын долоон банкийг SWIFT төлбөр тооцооны системээс хасахаар болсноо мэдэгдсэн ч тус улсын нэг ба гурав дахь том банк болох Сбербанк, Газпромбанкийг уг жагсаалтад оруулаагүй байна.
Эдгээр банк нь байгалийн хий, газрын тосны экспорттой холбоотой ихэнх төлбөр тооцоог хариуцдаг тул хориг арга хэмжээнээс чөлөөлсөн байж болзошгүй. Хэлэлцээрийн үеэр Европын орнуудын талаас илүү хувь нь уг хоёр банкийг цахим системээс хасахыг дэмжсэн ч бүх тал зөвшилцөлд хүрч чадаагүй гэж эх сурвалж мэдээлжээ.
Гэхдээ Сбербанк болон Газпромбанкийг эцсийн жагсаалтаас хассан нь SWIFT-ийн хоригийн үр нөлөөг бууруулж магадгүй юм. 2021 оны тоо баримтаас харахад, эдгээр хоёр банк нь тус тус 37.50 болон 7.53 их наяд рублийн хөрөнгөтэй ба үүнтэй харьцуулахад хоригт багтсан банкнууд хамаагүй бага хөрөнгөтэй юм.
SWIFT нь 200 гаруй муж, нутаг дэвсгэрийн 11 мянга орчим санхүүгийн байгууллагыг холбодог бөгөөд өдөрт 42 сая гаруй мессеж илгээж, дотоодын болон олон улсын бизнесийн төлбөр тооцоог хөнгөвчилдөг билээ. Хэдийгээр энэхүү систем нь санхүүгийн гүйлгээний тэргүүлэгч боловч цорын ганц шийдэл биш юм.
SWIFT-ээс гадна Хятадын CIPS, Энэтхэгийн SFMS, Оросын SPFS зэрэг систем байдаг аж. ОХУ-ын банкнуудын 50 орчим хувь нь SWIFT ашигладаг бол бусад нь SPFS болон бусад хэрэгсэлд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг байна.
Эх сурвалж: Euronews, Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.