Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргэн төлөөгүй, “чанаргүй” гэх ангилалд багтсан аж ахуйн нэгжүүдийг шалгах ажлын хэсгийг АТГ-т байгуулжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр ажлын хэсгийнхэн Хөгжлийн банкны олгосон зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу байгаа, эсэх, барьцаалсан эд хөрөнгө нь үнэлсэн үнэлгээндээ тохирч буй, үгүйгээс авхуулаад олон зүйлийг шалгаж буй аж.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд ороод буйтай холбоотойгоор тус банкны удирдлага нь мэдээлэл хийж, чанаргүй зээлийн талаар олон нийтэд бодит байдлыг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, 2014-2019 онд зээл аваад төлөөгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөг нэхэмжилсэн нь ойрын өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаж буй билээ. Тус банкнаас зээл авч зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий 26 зээлдэгчийг нийтэд зарласныг уншигчид санаж байгаа.
Өмнө нь Хөгжлийн банкнаас олгосон зээлтэй холбоотойгоор тус банкны эрх бүхий албан тушаалтнуудад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.
Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар тэргүүтэй хүмүүсийг эрх мэдлээ хэтрүүлж улсад 2.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан /хөөн хэлэлцэхээр мөн дууссан.Сур/, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр гэх мэтээр тус банкнаас санхүүжүүлсэн найман төсөл, хөтөлбөрт зээл олгох явцад авлигын гэмт хэрэг үйлдэгдсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэж, заримыг нь шүүхээр шийдвэрлэхээр болоод буй билээ.
Харин ажлын хэсэг байгуулан шинээр шалгах төсөл, арга хэмжээний дотор эрх баригч намын нөлөө бүхий гишүүдийн авсан зээл ч багтсаныг эх сурвалжууд баталсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.