Хүннү гүрний үеийн нэн ховор олдворыг гадаадын иргэнд хагас тэрбумаас илүү үнээр худалдах гэж байсан хүмүүсийг ЭЦА-ны ажилтнууд өнгөрсөн гуравдугаар сард үйлдэл дээр нь дайчлан баривчилсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв.
“Эмоци” продакшны менежерээр ажилладаг М.Адъяаням, “Хос билиг” хамгаалалтын албаны дарга А.Дэлгэрням, Б.Хаш-Эрдэнэ, Б.Баярцэнгэл нар 650 гаруй сая төгрөгөөр өмнөд хөршийн иргэнд уг олдворыг худалдах гэж байсан билээ. Эл олдворыг М.Адъяанямд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич Д.Эрдэнэбаатар өгсөн бөгөөд “Амьдралд чинь хэрэгтэй бол зарж борлуулна биз хэмээн надад бэлэглэсэн” хэмээн мэдүүлсэн гэдэг.
Түүгээр ч зогсохгүй Д.Эрдэнэбаатар хүүдээ Монгол Улсаас малтан шинжилсэн археологийн олдвор гэдгийг тайлбарласан батламж хийж өгсөн нь ч шалгалтаар тогтоогдсон. Тэдний худалдах гэж байсан Хүннү гүрний үеийн олдворууд болох цэнхэр, ногоон өнгийн хоёр шилэн гүц, чулуун сүх, хаш тээг нь түүх, соёлын нэн хосгүй биет өв болох нь батлагдсан ч БШУЯ, ШУА-ийн холбогдох хүрээлэн, Соёлын өвийн төв зэрэг байгууллагаас томилогдсон мэргэжлийн шинжээчид дүгнэлтээ хууль сахиулах байгууллагынханд хүргүүлсэн байна.
Эхний дүгнэлтээр “Хүннү гүрний үеийн олдворын эх хувь” гэдгийг баталсан аж. Харин хэрэгт холбогдогч нар шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн бөгөөд дахиад шинжилгээ хийлгэж дүн нь гарах болж буй гэнэ. Хэрэв Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын талын “Гол мод-2”-ын язгууртны булшийг судлахдаа археологич Д.Эрдэнэбаатарын удирдсан багийнхны олсон хэмээн олон нийтэд танилцуулж байсан шилэн аяга мөн гэдэг нь батлагдвал Монголбанкны Эрдэнэсийн санд хадгалуулсан гэх олдвор жинхэнэ, эсэхэд ч эргэлзээ төрөх нь. Дахин шинжилгээ хийлгэсэн дүгнэлт гармагц дээр нэр дурдсан хүмүүсийг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлэхээр бэлтгэж байгаа аж. Ташрамд дурдахад, археологич Д.Эрдэнэбаатарт Эрүүгийн хуулийн 25.5-1 дэх хэсгийн “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар зохион байгуулсан, зуучилсан” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.