СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Их Британи, Канад улсууд "Бээжин-2022" олимпын наадмын бойкотод нэгдэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Их Британи, Канад улсууд "Бээжин-2022" өвлийн олимпын наадмыг дипломат аргаар бойкотлохоо зарлажээ. Үүнээс өмнө, АНУ болон Австрали улсууд мөн адил шийдвэр гаргасан билээ. 

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо энэхүү шийдвэрээ танилцуулахдаа, "Манай улс бойкот зарласан нь БНХАУ-ын хувьд гэнэтийн зүйл болохгүй. Бид сүүлийн хэдэн жилийн хугацаанд хүний ​​эрхийн зөрчлийн талаар гүнээ санаа зовж байгаагаа маш тодорхой илэрхийлсэн" гэж хэлсэн байна.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ч мөн Хятадад хүний ​​эрх зөрчигдөж байгаагийн улмаас төлөөлөгч нараа илгээхгүй гэж мэдэгджээ.

Тус улсын Шинжаан бүс нутагт уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлж, барьж саатуулж байгаа явдлыг АНУ буруушааж байгаа хэдий ч БНХАУ-ын зүгээс үүнийг удаа дараа няцаасаар ирсэн юм.

АНУ "Бээжин-2022" олимпын наадмын эсрэг бойкот зарласны дараа Хятадын эрх баригчид энэхүү шийдвэрийг хатуу шүүмжилж, хариу арга хэмжээ авна хэмээн сүрдүүлсэн. Мөн Австрали улс адил арга хэмжээ авахаа мэдэгдсэний дараа Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин Австрали улсыг "улс төрийн бодлого" явуулж байна гэж буруутгажээ.

Ийм төрлийн бойкот арга хэмжээний тоо нэмэгдэж байгаа хэдий ч тамирчид оролцох хэвээрээ байгаад Олон улсын олимпын хороо баяртай байгааг тус хорооны Ерөнхийлөгч Томас Бах тэмдэглэсэн юм. Тэрээр "Олимпын наадмын арга хэмжээнд төрийн албан тушаалтнууд оролцох эсэх нь Засгийн газар бүрийн улс төрийн шийдвэр тул ОУОХ төвийг сахих зарчмаа баримталсаар байх болно" хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.