Кени улсын холын зайн гүйлтийн тамирчин Агнес Тироп өнгөрөгч лхагва гарагт гэртээ хутгалуулан, нас барсан бөгөөд цагдаа нар түүний нөхөр Эммануэль Ротичийг эрэн хайж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл албаныхан Ротичийг эргийн Момбаса хотоос олж илрүүлэн, баривчилсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусмагц түүнийг албан ёсоор яллана гэж албаны хүн хэлсэн байна.
Амиа алдсан тамирчны нөхөр нь сураггүй алга болохоосоо өмнө ар гэрийнхэн рүүгээ утасдан, хийсэн зүйлийнхээ төлөө Бурханаас уучлал гуйсан болохыг цагдаа нар мэдээлээд байсан билээ. Тэгвэл мөрдөн байцаагчид Эммануэль Ротичийг "зугтаж байхад нь" баривчилсан гэдгийг орон нутгийн Эрүүгийн мөрдөн байцаах албаны дарга Жорж Киноти баталжээ.
Кенийн хөнгөн атлетикийн холбооноос Агнес Тиропт хүндэтгэл үзүүлж, хоёр долоо хоногийн хугацаанд хөнгөн атлетикийн бүх тэмцээнийг цуцалсан болохоо мэдэгдсэн юм. Мөн Олон улсын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч Себастьян Коу болон Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах нар албан ёсоор эмгэнэл илэрхийлсэн байна.
Олимпын хошой аварга Коу Агнес Тиропыг "Сүүлийн зургаан жилийн хугацаанд илэрсэн дэлхийн шилдэг эмэгтэй холын зайн гүйгчдийн нэг" гэж тодорхойлжээ. Тэрээр мөн "Хөнгөн атлетикийн ертөнц хамгийн шилдэг залуу одоо хамгийн эмгэнэлтэй нөхцөл байдлаар алдлаа" хэмээн нэмж хэлсэн юм.
"I’m deeply shocked by the tragic death of Agnes Tirop, a young and bright talent. Her performances at the Olympic Games Tokyo 2020 gave hope and inspiration to so many people. My thoughts go to the Kenyan Olympic community and especially to her friends and family." - IOC Pt Bach https://t.co/282Y22nlRr
— IOC MEDIA (@iocmedia) October 13, 2021
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.