Кени улсын гүйлтийн тамирчин Агнес Тироп гэртээ хутгалуулан, нас барсан байсныг цагдаа нар олж илрүүлсэн бөгөөд одоо түүнийг нөхрийг эрэн хайж байгаа аж.
Элгеё Мараквет мужийн Цагдаагийн дарга Том Макоригийн мэдээлснээр Тиропын нөхөр сураггүй алга болохоосоо өмнө ар гэрийнхэн рүүгээ утасдсан байна. Тэрээр уйлан, хийсэн зүйлийнхээ төлөө Бурханаас уучлал гуйсан тухай гэр бүлийнхэн нь мэдүүлжээ.
25 настай Агнес Тироп Кени улсын баруун хэсэгт орших Итен хот дахь гэртээ нас барсан байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр түүний хэвлий болон хүзүү хэсэгт хутганы шарх байжээ.
Мөн гэрийнх нь гадаа байсан автомашины салхины шил ба цонх хагарсан байсан бөгөөд Тироп амь насаа алдахаас өмнө гэр бүлийн маргаан үүссэн байж магадгүй гэж мөрдөн байцаагчид таамаглаж байна.
Агнес Тироп 2017, 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10,000 метрийн төрөлд хүрэл медаль хүртсэн бол "Токио-2020" олимпын наадмын 5,000 метрийн гүйлтийн төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн билээ. Тэрээр мөн дөнгөж өнгөрсөн сард Германд болсон эмэгтэйчүүдийн 10 км-ийн уралдааны дэлхийн шинэ дээд амжилт тогтоогоод байсан юм.
Эх сурвалж: AP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.