Энэ өдрүүдэд Казахстан улсын Каранганда хотноо гал унтраах техникийн олон төрөлт спортын 16 дахь удаагийн эрэгтэйчүүдийн, долоо дахь удаагийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.
Тус тэмцээнд 14 орны 262 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 10, 35, 63 дугаар анги, Булган аймгийн Онцгой байдлын газраас хоёр, Дархан -Уул аймгийн Онцгой байдлын газар, Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газраас тус бүр нэг алба хаагч оролцож байна.
Довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн үндсэн дөрвөн төрлөөр явагддаг ДАШТ-ий сүүлийн өдөр буюу өнөөдөр /есдүгээр сарын 5-ны өдөр/ байлдааны тархалт төрлөөр аваргуудаа тодруулна. Манай улсын шигшээ багийн тамирчид болох ОУХМ О.Батсайхан, ахлах ахлагч О.Мөнхтунгалаг нар 2017 оны ДАШТ-ий байлдааны тархалт төрөлд хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.
Өчигдөр явагдсан эрэгтэйчүүдийн 4х100 метрийн буухиа төрөлд Беларусийн баг алт, мөнгөн медалийг хүртэж Чех улсын баг хүрэл медаль хүртсэн байна.