Дэлхийн хамгийн баян эрхмүүдийн нэг Жефф Безосын пуужингийн компани болох "Blue Origin"-ий анхны сансрын нислэгийн зорчигчдын нэг болох дуудлага худалдааны ялагч 28 сая ам.доллар төлсөн болох нь ил болжээ.
Өнгөрөгч бямба гарагт болсон дуудлага худалдаагаар нэрээ нууцалсан нэгэн хүн 28 сая ам.долларыг санал болгож, ялагч болсон хэмээн "Blue Origin" компани мэдэгдсэн бөгөөд ялагчийг хэн болохыг ирэх долоо хоногуудад зарлана гэж тэмдэглэсэн байна. Ирэх 7 дугаар сарын 20-ны өдөр болох тус нислэгийн багийн бусад гишүүний тоонд Жефф Безос, түүний дүү Марк Безос болон өөр нэгэн нэрээ нууцалсан сансрын жуулчин багтаж байгаа юм.
Жефф Безостой хамт сансарт нисэх жуулчныг тодруулах дуудлага худалдаа бараг сарын турш үргэлжилсэн бөгөөд нийт 140 гаруй орны иргэдийн сонирхлыг татаад байсан билээ. Ингээд өнгөрсөн бямба гарагаас өмнө дуудлага худалдааны дээд үнэ бараг таван сая ам.доллар байсан бол ялагч тодрох мөчид энэ тоо тав дахин өсжээ.
Үүний дараа тус пуужингийн компанийн зүгээс "Ялагчийн төлсөн мөнгийг "Blue Origin"-ий "ClubforFuture" санд хандивлах болно" хэмээн мэдэгдсэн байна.
Марк Безос ахтайгаа хамт сансарт нисэх болсон талаараа "Энэ бол гайхалтай боломж" гэж хэлжээ. "New Shepard" пуужингийн анхны зорчигчтой сансрын нислэгээр үйлдэх аялал нь 10 минут орчим үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Жефф Безос "Амазон"-ы Гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсноосоо хойш хэдхэн долоо хоногийн дараа уг сансрын аялалд гарах юм.
Гэвч түүний нэгэн өрсөлдөгч урьтаж хөдөлж магадгүй байгаа тул Безос хувийн сансрын аяллын анхдагч болохоос хэдхэн хоногоор хоцорч болзошгүй байна. Тодруулбал, Английн тэрбумтан Ричард Брэнсон 7 дугаар сарын 4-нд өөрийн "Virgin VSS Unity" сансрын хөлгийн туршилтын нислэгт нэгдэж магадгүй гэх мэдээлэл тархаад байгаа юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.