"Амазон" компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос дүү Марк Безосын хамт ирэх 7 дугаар сард сансарт нисэх болсноо мэдэгджээ. Тэрээр өөрийн пуужингийн компани болох "Blue Origin"-ий анхны сансрын нислэгийн зорчигчдын нэг болох юм.
Безос энэ талаар "Би таван настайгаасаа хойш сансарт аялахыг мөрөөддөг байсан. Тэгвэл би 7 дугаар сарын 20-нд дүүтэйгээ хамт сансрын аялалд гарахаар боллоо" хэмээн өөрийн "Инстаграм" хуудаснаа бичжээ. Тэрээр ирэх 7 дугаар сарын 5-ны өдөр "Амазон"-ы Гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцрох билээ.
Түүний тэрбумтан нөхөд болох Элон Маск, Ричард Брэнсон нар мөн сансрын пуужингийн бизнест олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа хэдий ч Безос тэдний дундаас анх удаа өөрийн компанийн пуужингаараа сансарт нисэх юм. Марк, Жефф Безос нар болон "Blue Origin"-ий анхны сансрын нислэгээр зорчих дуудлага худалдааны ялагчийг тээвэрлэх уг сансрын хөлөг нь 15 удаа туршилтын нислэг хийсэн аж.
"New Shepard" гэх нэртэй тус пуужин нь нийт зургаан зорчигчийг дэлхийгээс 100 км-ээс дээш өндөрт гаргах бөгөөд даралтат капсул нь шүхрээр дэлхийд буцаж ирэн, газардах юм. Энэхүү аяллын үеэр зорчигчид хэдэн минутын турш жингүйдлийг мэдэрч, дэлхийн зарим хэсгийг сансраас ажиглах боломжтой аж.
Ирэх сард болох уг нислэг нь хувийн, арилжааны сансрын аяллын шинэ эрин үеийг эхлүүлэх уралдааны чухал үйл явдал болно гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.