БНХАУ-ын хамгийн нэр хүндтэй боловсролын байгууллагуудын нэг болох Фуданий их сургуулийн нэгэн профессор Коммунист намын нарийн бичгийн даргыг хөнөөсөн гэж цагдаагийн байгууллага болон сургуулийн удирдлагууд мэдэгджээ.
Хэрэг тус их сургуулийн Шанхай хотын кампус дээр өнгөрөгч даваа гарагийн үдээс хойш гарсан байна. Жян овогтой, 39 настай уг профессор нь 49 настай Ванг Ёнжэнийг хутгаар хөнөөсөн гэж мөрдөн байцаагчид мэдээлсэн юм. Мөн сургуулийн зүгээс тусгай ажлын хэсэг байгуулан, цагдаа нартай бүрэн хамтран ажиллаж байгаа гэжээ.
Албаныхны мэдээлснээр Жян нь Ванг Ёнжэний эсрэг өшөө хорсолтой байсан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Вангтай адил Намын нарийн бичгийн дарга нар Хятадын их сургуулиудын кампус дээр элбэг байдаг бөгөөд тэд "үзэл суртлын цэвэр ариун байдлыг хадгалах" үүрэгтэй гэнэ. Эдгээр намын албан тушаалтууд нь Барууны хүний эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлж, оюутан болон багш нар намдаа үнэнч гэдгийг баталгаажуулдаг байна.
Фуданий их сургууль нь дэлхийн шилдэг 100 их сургуулийн тоонд багтдаг хэдий ч Хятадын эрх баригч Коммунист намтай нягт холбоотой учир гадаадын хүчнүүдээс ихээхэн шүүмжлэл хүлээн авдаг юм.
Тус их сургууль нь цар хүрээгээ Европын Холбоо руу тэлж, Будапешт хотод салбар кампусаа нээхээр төлөвлөж байгааг эсэргүүцсэн мянга мянган Унгарын иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсныг бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.