Унгарын нийслэл Будапешт хотод Хятадын их сургуулийн кампусыг нээхээр төлөвлөж байгааг эсэргүүцсэн мянга мянган оршин суугч хотын гудамжаар жагсан, Парламентын ордонд хүрсэн байна.
Уг төсөл нь тус улсын дээд боловсролын чанарыг бууруулж, Хятадын коммунист эрх баригчдын нөлөөг нэмэгдүүлнэ гэж жагсагчид үзэж байгаа юм. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны Засгийн газар нь Бээжинтэй нягт холбоотой аж.
Хятадын их сургуулийг барих төлөвлөгөөг эсэргүүцэж буй нэгэн оюутан "Орбан ба түүний барууны үзэл бүхий нам нь өөрсдийгөө анти-коммунист мэтээр харуулах гэж хичээдэг хэдий ч бодит байдал дээр коммунистууд бол тэдний найзууд" хэмээн "AFP" агентлагт ярьжээ.
Жагсаалд оролцсон өөр нэг оюутан "Фуданий их сургуулийн төсөлд төлөвлөсөн Засгийн газрын аливаа хөрөнгийг өөрсдийн их сургуулиудыг сайжруулахад ашиглах ёстой" гэж мэдэгдсэн байна.
Будапешт дэх Фуданий их сургуулийн кампусыг барихад ойролцоогоор 1.8 тэрбум ам.долларыг зарцуулахаар тооцоолоод байгаа аж. Энэ нь Орбаны Засгийн газраас 2019 онд Унгарын дээд боловсролын тогтолцоонд зарцуулсан нийт төсвөөс хамаагүй их мөнгө юм.
Сонирхуулахад, Фуданий их сургууль нь Хятадын хамгийн нэр хүндтэй боловсролын байгууллагуудын нэг аж. Будапешт хотын кампусыг 2024 он гэхэд барьж дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь тус их сургуулийн Европын Холбоо дахь анхны салбар болох юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.