Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэн мэдээллийг бид цувралаар хүргэж байгаа. Энэ удаад 2013 оны сонгуулийн мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтыг 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоожээ.
Тухайн жил УИХ-д суудалтай гурван нам эвслээс нэр дэвшигч өрсөлдөв. Мөн түүхэндээ анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнээрээ онцлог байлаа.
Нэр дэвшигчид:
МАН-Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 41.97%
АН-Цахиагийн Элбэгдорж 50,23%
МАХН-Нацагийн Удвал 6,50%
Сонгуулийн дүнд АН-аас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж хоёр дахь удаагаа Монгол Усын Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Сонгуулийн ирц:
Сонгогчдын тоо: 1,223,737
Сонгогчдын ирц: 66,3%
Энэ нь дөрвөн жилийн өмнө сонгуулийн ирц/73,6 хувь/-тэй харьцуулахад даруй 7 хувь буурсан үзүүлэлт юм.
2013 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын дээд хэмжээг 15 846 846 804 төгрөгөөр тогтоосон нь дөрвөн жилийн өмнөх/4 тэрбум/ зардалтай харьцуулахад дөрөв дахин буюу 12 орчим тэрбумаар өссөн дүн юм.
2013 оны сонгуулийг түүхэндээ анх удаа автоматжуулсан системээр зохион байгуулсан нь ихээхэн онцлог байв. Тухайн онд нийт 2500 ширхэг санал тоолох төхөөрөмж, 3754 бүртгэлийн техник хэрэгслийг шалган туршиж, баталгаажуулсны үндсэн дээр сонгуулиа зохион байгуулсан юм. 2013 оныг хүртэл гар аргаар саналыг тоолдог байсан билээ.
Энэ сонгуулийг анх удаа автоматжуулсан системээр зохион байгуулсантай холбогдуулан дэлхийн олон улс орнууд анхааралтай ажиглаж, хамгийн олон хэвлэл мэдээллийн ажилтан ажилласан сонгууль болсон юм.
Тухайлбал, АНУ, Швед, Канад, ОХУ, ХБНГУ, БНСУ, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар зэрэг 36 улс орноос болон Олон улсын байгууллагаас 400 гаруй ажиглагч ажилласан бол улс төрийн намуудын 20 гаруй мянган ажиглагчид санал авах байруудад ажиллажээ.
Харин гадаадын 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид, дотоодын 66 хэвлэл мэдээллийн байгууллагын 600 гаруй сурвалжлагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг сурвалжилж мэдээлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.