ОХУ-д амьтдыг коронавирусийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрт хамруулж эхэлсэн гэж тус улсын Мал эмнэлэг, ургамлын тандалтын албаны даргын зөвлөх Юлия Мелано сэтгүүлчдэд мэдээлжээ.
Тэрээр "ОХУ-ын хэд хэдэн бүс нутгийн мал эмнэлгүүд гэрийн тэжээвэр амьтдыг цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэллээ. Оросын эрдэмтдийн боловсруулсан дэлхийн цорын ганц амьтдад зориулсан коронавирусийн эсрэг вакцин болох "Карнивак-Ков"-ын эхний ээлжийн хангалтыг хэд хэдэн хотод хүргэсэн. Ингэснээр амьтдын дунд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх болно" хэмээн мэдэгдсэн байна.
"Карнивак-Ков" вакцины эмнэлзүйн туршилт өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлсэн бөгөөд вакциныг нохой, муур, үнэг, цагаан үнэг, усны булга болон бусад амьтан дээр туршжээ. Судалгааны үр дүнгээр вакцин хийлгэсэн бүх амьтанд коронавирусийн эсрэг биет 100 хувь үүссэн байна.
Тус вакциныг Грек, Польш, Австри, АНУ, Канад, Сингапур зэрэг дэлхийн бусад улс орон сонирхож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Эх сурвалж: TASS