ОХУ-ын Мал эмнэлэг, ургамлын тандалтын албаны эрдэмтэд дэлхийн анхны амьтдад зориулсан коронавирусийн эсрэг вакциныг бүтээн, албан ёсоор бүртгүүлсэн гэж тус албаны орлогч дарга Константин Савенков мэдээлжээ.
Тэрээр "Манай албаны Мал, амьтны эрүүл мэндийн төвд боловсруулсан "Карнивак-Ков" вакцин нь махчин амьтдад зориулагдсан бөгөөд тэднийг коронавирусийн халдвар авахаас хамгаална. ОХУ-д албан ёсоор бүртгэгдээд байгаа энэхүү вакцин нь одоогийн байдлаар дэлхийн анхны бөгөөд цорын ганц амьтдад зориулсан Ковид-19-ийн эсрэг вакцин юм" хэмээн мэдэгдсэн байна.
"Карнивак-Ков" вакцины эмнэлзүйн туршилт өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлсэн бөгөөд вакциныг нохой, муур, үнэг, цагаан үнэг, усны булга болон бусад амьтад дээр туршжээ. Тус вакциныг бөөнөөр үйлдвэрлэх ажил ирэх дөрөвдүгээр сараас эхэлж магадгүй аж.
Судалгааны үр дүнгээр вакцин хийлгэсэн бүх амьтанд коронавирусийн эсрэг биет 100 хувь үүссэн байна. Эрдэмтэд одоо вакцины үр нөлөө хэр удаан үргэлжлэхийг судалж байгаа аж. Савенков энэ талаар "Одоогийн байдлаар "Карнивак-Ков" вакцин зургаан сараас доошгүй хугацаанд дархлаа тогтооно гэж тооцоолж байна" гэжээ.
Оросын эрдэмтдийн гаргаж авсан амьтдад зориулсан коронавирусийн эсрэг вакциныг Грек, Польш, Австри, АНУ, Канад, Сингапур зэрэг дэлхийн бусад улс орнууд аль хэдийн сонирхож эхлээд байгаа гэнэ.
Эх сурвалж: TASS