Энэтхэг улсын шарил чандарлах газрууд ачааллаа дийлэхгүй болсны улмаас коронавирусээр нас барсан иргэдийн цогцсыг гудамжинд шатааж байна.
Тус улсад цар тахлын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо сүүлийн хоёр долоо хоног дараалан өсөж байгаа билээ. Орон нутгийн эмч, мэргэжилтнүүд болон оршуулгын газрын ажилтнууд үүсээд буй нөхцөл байдлыг зохицуулж хүчрэхгүй болоод байгаа юм. Мөн тус улсад бүртгэгдсэн давхар мутацитай коронавирусийн шинэ төрлийн халдварын улмаас байдал улам хүндэрч байна.
Энэтхэгт өнгөрсөн 24 цагт нийт 352 мянга орчим халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бол 2.8 мянга гаруй хүн нас баржээ. Ингэснээр тус улсын нийт халдварын тохиолдол 17.3 саяд хүрч, одоог хүртэл 195 мянга гаруй өвчтөн нас бараад байгаа юм. Энэтхэг улс халдварын тоогоороо дэлхийд хоёрдугаарт жагсаж байна.
"Коронавирусийн шуурга" тус улс орныг доргиож байгаа талаар Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 25-ны өдөр мэдэгдсэн. Үүний дараагаар АНУ, Их Британи, ХБНГУ зэрэг улс орнууд туслалцаа үзүүлэхээ мэдэгдээд байгаа юм. Герман улс ойрын өдрүүдэд Энэтхэг рүү хүчилтөрөгч болон бусад эмнэлгийн тусламж илгээнэ гэж тус улсын Гадаад хэргийн сайд Хайко Маас мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: Известия