Герман улс ойрын өдрүүдэд Энэтхэг рүү хүчилтөрөгч болон бусад эмнэлгийн тусламж илгээнэ гэж тус улсын Гадаад хэргийн сайд Хайко Маас өнөөдөр мэдэгджээ.
Энэтхэг улсад коронавирусийн халдварын тархалт эрчимтэй өсөж байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн дотор халдварын 349,691 тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улс даяарх эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн хүчилтөрөгчгүй болсон бөгөөд өвчтөнүүдийг буцаахаас өөр аргагүй болоод байгаа юм.
Хайко Массын хэлснээр Герман улс Энэтхэг улсад бүх талаар туслан, онц байдлыг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх аж. ХБНГУ-ын Батлан хамгаалах яамны зэвсэгт хүчин Энэтхэг рүү хүчилтөрөгч үйлдвэрлэх хөдөлгөөнт байгууламж болон бусад тусламжийн барааг тээвэрлэх байна.
Европын Комисс мөн Энэтхэгийн талаас хүсэлт хүлээн авсан бөгөөд хүчилтөрөгч, эм тарианы тусламж илгээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Түүнчлэн Их Британи, АНУ зэрэг улсууд эмнэлгийн тоног төхөөрөмж илгээж байгаа юм.
Эх сурвалж: Reuters