Нидерландын хоёр музейгээс Винсент ван Гог болон Франс Халсын бүтээлүүдийг хулгайлсан этгээдийг баривчилсан гэж орон нутгийн цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Гэвч хоёр уран зургийг одоог хүртэл олоогүй байгаа юм.
Цагдаагийн төлөөлөгч Марен Вондерын мэдээлснээр сэжигтэн болох 58 настай эрэгтэйг Нидерландын Баарн хот дахь гэрээс нь баривчилсан байна. Мөн тус улсын нууцлалын хуулийн дагуу сэжигтний хэн болохыг олон нийтэд зарлаагүй юм.
Марен Вондер "Бид уран зургуудыг хараахан олж чадаагүй байгаа нь харамсалтай ч мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байна. Энэхүү баривчилгаа нь мөрдөн байцаалтын явцын маш том алхам" хэмээн тэмдэглэжээ.
Винсент ван Гогийн "Нуэнэн дэх Парсонажын цэцэрлэг 1884 оны хаврын үед" нэртэй бүтээл нь Амстердамын зүүн хэсэгт орших "Singer Laren" музейгээс өнгөрсөн оны 3 дугаар сарын 30-ны өдрийн үүрээр хулгайд алдагдсан юм. Тухайн үед тус музей нь коронавирусийн хөл хорионы улмаас хаагдсан байжээ.
Харин уг хэргээс таван сарын дараа Франс Халсын "Хоёр инээж буй хөвгүүн" бүтээл Лердам дахь "Hofje van Mevrouw van Aerden" музейгээс хулгайлагдсан байна.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.