Нидерландын Алтан үеийн уран зураач Франс Халсын "Two Laughing Boys" буюу "Хоёр инээж буй хөвгүүн" бүтээл тус улсын Утрехт хотын ойролцоох жижиг музейгээс өнгөрөгч пүрэв гарагт хулгайд алдагдсан болохыг цагдаагийнхан мэдэгджээ. Ийнхүү тус уран зураг гурав дахь удаагаа хулгайлагдаж байгаа юм.
Халсын 1626 онд зурсан энэхүү бүтээлийг хулгайч нар "Hofje van Aerden" музейгээс пүрэв гарагийн үүрээр хулгайлсан ба тэд музейн арын хаалгыг эвдлэн орсон байжээ. Нэгэн мэргэжилтний үзэж буйгаар уг бүтээл 15 сая евро буюу 18 сая ам.доллароор үнэлэгдэх аж.
Цагдаагийн албанаас "Шөнийн 03:30 цагийн үед байгууламжийн дохиолол асаж, албаныхан шууд музей рүү явсан. Музейн менежерээс барилгад нэвтрэх зөвшөөрөл авсны дараа хэргийн үзлэг хийхэд арын хаалгыг хүч хэрэглэн онгойлгосон байсан бөгөөд нэг зургийг хулгайлсан байсан" гэсэн мэдэгдэл хийжээ. Мөн цагдаа нар уг хэргийн гэрчүүдийг тэдэнд хандахыг хүссэн юм.
Харин урлагийн мэргэжилтэн Артур Брэнд "Гэмт хэрэгтнүүд томоохон музейнүүдийн аюулгүйн систем өндөр түвшнийх гэдгийг мэднэ. Гэвч орон нутгийн жижиг музей тийм биш. Тэд тус зургийг маш өндөр үнэд хүрнэ гэдгийг мэдээд зогсохгүй хулгайлахад харьцангуй амар байна гэж дүгнэсэн байх" гэжээ.
"Хоёр инээж буй хөвгүүн" зураг нь дөрвөн зууныг туулахдаа өмнө нь хоёр удаа хулгайд алдагдаж байсан бөгөөд сүүлд 2011 оны тавдугаар сард яг энэ музейгээс алдагдаж байсан байна. Цагдаа нар хэдэн сарын дараа зургийг зарах гэж байсан дөрвөн эрэгтэйг саатуулан, Франс Халсын бүтээлийг музейд нь эргүүлж өгч байсан аж.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.