Аваргуудын лигийн хариу тоглолтууд урьд шөнө эхэллээ.
Урьд шөнө Ювентус : Порто, Дортмунд : Севилла багуудын тоглолт явагдсан ба хоёр тоглолт хоёулаа гоол арвинтай явагдлаа.
Ювентус 3:2 Порто
Эхний тоглолтод Порто өөрийн талбайдаа 2:1 харьцаагаар Ювентусыг хожоод байсан бол урьд шөнө Ювентусын Аллианз Аренад зочлон тоглолт хийлээ. Багууд аваргуудын лигийн хүрээнд өмнө нь Ювентусын талбайд хоёр удаа тоглоход хоёуланд нь Ювентус клуб хожиж байсан түүхтэй. Урьд шөнө ч мөн Ювентус 3:2 харьцаагаар хожсон ч шөвгийн наймд Порто шалгарлаа. Учир нь Порто айлын талбайд илүү гоол оруулсан дүнгээр цааш шалгарсан байна. Порто клубээс Сергио Оливейра тоглолтын 19, 115 дахь минутад гоолдсон бол Ювентусаас Чиеса 49, 63 дахь минутад дабль хийж Рабиот 117 дахь минутад гоолдсон байна.
Дортмунд 2:2 Севилла
Дортмунд эхний тоглолтод зочин багийн хувьд тоглон 3:2 харьцаагаар хожил байгуулаад байсан бол урьд шөнө өөрийн талбайдаа Севиллаг хүлээн авлаа. Урьд шөнийн тоглолтод Э.Хааланд 35, 54 дэх минутад дабль хийж гангарлаа. Тэрээр аваргуудын лигийн хүрээнд 14 тоглолтод оролцон 20 дахь гоолоо оруулж буй нь энэ юм. 2:0 харьцаагаар хожигдож явсан Севиллагийн зүгээс Эн Несири 69, 90+6 дахь минутад дабль хийсэн ч хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Дортмунд клуб цааш шалгарлаа.
Хуваарь ёсоор өнөө шөнө /гуравдугаар сарын 10-нээс 11-нд шилжих шөнө/ Ливерпүүл : Лейпциг, ПСЖ : Барселона гэсэн ганган тоглолтууд биднийг хүлээж байна.