Энэ оны эхний жүдо бөхийн их дуулга тэмцээн Израиль улсын Тел-Авив хотноо өчигдөр албан ёсоор эхэллээ.
Таван тивийн 60 орны 422 жүдоч зодоглож буй тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор хөнгөн жингийн барилдаан явагдлаа. Энэ өдрийн гол дуулианаар жинд дэлхийн хошой аварга Украины Дариа Билодид финалын барилдаанд Францын Ширинэ Боуклид цэвэр савууллаа. Д.Билодидын хувьд он гарсаар хоёр дахь удаагаа өвдөг шороодож буй нь энэ бөгөөд Доха Мастерс тэмцээнд Фуна Токаки аваргад ялагдан хүрэл медаль хүртсэн юм.
Өчигдөр жингээ тэргүүлэн барилдсан Д.Билододын хувьд эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Чилийн бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө Сербийн А.Стожадиноваг цэвэр ялсан ч барилдааны явцад ваза-ари үнэлгээ алдлаа.
Хагас шигшээ барилдаанд Португалийн К.Катаринаг нэмэлт цагт давж, харин аваргын төлөөх барилдаанд залуучуудын дэлхийн аваргын мөнгө, өнгөрсөн оны Европ тивийн аварга, Дюсселдорфийн их дуулгын аварга Францын Ш.Боуклид цэвэр ялагдлаа.
Ш.Боуклигийн хувьд өчигдөр бас нэгэн дуулиан тарьсан нь хагас шигшээд дэлхийн чансааны 6-д эрэмбэлэгдэж буй нутаг нэгт М.Клементийг буулган авсан явдал байлаа. Энэ жинд Франц улсыг төлөөлөн Олимпийн их наадамд зодоглох тамирчдын сонгон шалгаруулалтад өрсөлдөж буй хоёр бөхийн олон улсын дэвжээн дэх анхны дуэлд Ш.Боукли ялалт байгууллаа.