Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.02.02-ны 11.00 цагийн байдлаар танилцууллаа. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 18 хүнээс коронавирус илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Тодруулбал, голомтод ажиллаж байгаа нэг эрүүл мэндийн ажилтан, өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудаас 17 хүнээс халдвар илэрсэн байна.
Сүүлийн 24 цагт 13 хүн эдгэрч, гэртээ гарчээ. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн тоо 1323 болжээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1836 болсноос 1384 нь эдгэрч, 448 хүн эмчлэгдэж байна. Коронавирусийн халдвар авч нас барсан хүний тоо хоёроор нэмэгдэж, 4 болсон гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Уг асуудлаар ХӨСҮТ-өөс дахин тайлбар мэдээлэл өгсөн юм. Энд дарж уншина уу.
Нийслэлийн хэмжээнд халдвартай хүний тоо нэмэгдэж байгаа нь бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, худалдаа, үйлчилгээний газрууд нээгдсэнтэй холбоотой.
Монгол Улсын хувьд өвчлөлийн түвшин өндөр орнуудыг бодвол халдвар илрүүлэх шинжилгээ маш сайн хийгдэж байгааг график үзүүлэлтээс харж болно.
Манай улсын хувьд нэг халдвартай хүн 7-8 хүн өвчлүүлж байна. Урьд нь долоо хоногт ойрын хавьтал 250 иргэнийг илрүүлдэг байсан бол сүүлийн 7 хоног бүр 500 гаруй ойрын хавьтал тогтоогдож байна. Энэ бүхэн бол хүн амын хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой. Нийслэл хотод өнөөдрийн байдлаар 15 голомт идэвхтэй байна.