БНХАУ-ын хойд хэсэгт орших Нангонг хотын эрх баригчид коронавирусийн шинжилгээнд хамрагдаагүй оршин суугчдын талаар мэдээлэл өгсөн иргэдэд 500 юань буюу 77 ам.долларын мөнгөн шагнал өгөхөөр болжээ.
Тус улсад сүүлийн үед дэгдээд буй томоохон халдварын тархалтыг хянах ажлын хүрээнд Нангонг хот болон Хэбэй мужийн сая сая хүнийг шинжилгээнд хамруулж байгаа билээ. Тэгвэл Нангонг хотын удирдлагын зүгээс энэ ажлын хүрээнд энэхүү саналыг хэрэгжүүлэхээр болсон байна.
Хятадын Шижиажуан хотод коронавирусийн халдварын 100 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, хотын 11 сая оршин суугчийг хөл хорионд оруулсан талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Хэбэй мужид халдварын 82 шинэ тохиолдол бүртгэгдэж, сүүлийн найман хоногийн хугацаанд нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 265-т хүрээд байгаа юм.
Улс төр болон нийгмийн уламжлалд үл нийцэх үйлдэл гаргасан хүмүүсийн талаарх мэдээллийн хариуд шагнал урамшуулал олгох явдал нь Хятадад эртнээс элбэг үзэгдэл байсан.
Тус улс нь одоог хүртэл хотуудыг тэр чигээр нь хөл хорионд оруулж, иргэдийн хөдөлгөөнийг цахимаар нарийн хянах зэрэг арга замаар халдварын тархалтыг хянаж ирсэн ч зарим шүүмжлэгчид үүнийг хэт туйлширсан бөгөөд хүний эрхэд халдсан явдал гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: Associated Press