Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны тодорхой байршилд коронавирусийн халдвар голомтлон гарсантай холбогдуулан хэсэгчлэн хааж, халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг 2021 оны нэгдүгээр сарын 8-ны 06.00 цагаас зохион байгуулж эхэллээ.
Энэ хүрээнд явуулын 46 баг дээрх хороодын 20 мянга гаруй иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах бөгөөд эрүүл мэндийн байгууллагын 230 ажилтан, цагдаа болон онцгой байдлын 236 албан хаагч ажиллаж байна.
Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс эхлэн амралтын өдрүүдэд зохион байгуулж, хязгаарлалтын дэглэмийг цуцална. Үүнтэй холбогдуулан бусад дүүрэгт ажиллаж байгаа шинжилгээний цэгийн тоог багасгаж, дүүрэг тус бүрд нэг шинжилгээний цэг ажиллуулж эхэлжээ.
Иймд иргэдийг шаардлагагүй тохиолдолд шинжилгээний цэгүүдэд очиж, ачаалал үүсгэхгүй байхыг НЭМГ-аас анхаарууллаа.
Бусад дүүрэгт ажиллаж байгаа шинжилгээний цэг:
• Баянзүрх дүүрэг: 142-сургууль
• Сонгинохайрхан дүүрэг: 9 дүгээр сургууль
• Сүхбаатар дүүрэг: 58 дугаар сургууль
• Хан-Уул дүүрэг: 7 дугаар сургууль
• Чингэлтэй дүүрэг: 39 дүгээр сургууль
• Баянгол дүүрэг: 13 дугаар сургууль.