Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг мэдээллэх үеэр дараах мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Баянгол дүүргийн 6 дугаар хорооны орон сууцны нэг орцны зургаан хүн өвчилсөн байгаа. Тус дүүргийн 65, 43,57 байр гээд гэр бүлийн холбоотой халдварууд гарч байна. Уг байруудад “Ачтан” эмнэлгийн ажилтны байр байдаг бөгөөд үргэлжилсэн голомт үүссэн. Баянгол дүүргийн 5,6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож тандалт, илрүүлгийн шинжилгээг /2021.01.08-09/ зохион байгуулахаар болсон.
Нэг орцны зургаан иргэн өвчилсний нэг тохиолдол нь Мөнгөн гүүр эмнэлгийн лаборант байсан учраас тус эмнэлэгт халдварын голомтын хариу арга хэмжээ зохион байгуулсан. Ингээд тус эмнэлгийн эмч, ажилтан эмчлүүлж байсан 141 хүнийг шинжилгээнд хамруулахад нэг эмчээс коронавирус илэрсэн.
Түүнчлэн тус орцны нэг тохиолдол нь Иргэний нисэхийн ерөнхий газарт ажилладаг байсан учраас тус газарт тандалт судалгаа хийсэн. Ингээд 171 хүнийг шинжилгээнд хамруулж, 20 хүнийг тусгаарлан ажиглаж байна.
“Ачтан” эмнэлэгт үүссэн голомттой холбоотойгоор тус эмнэлгийн 21 ажилтан өвчилсөн бол эдгээрийн гэр бүлийн хавьтлууд 18 хүн халдвар аваад байна. Тус эмнэлгийн тохиолдлын тоо 39 болжээ.
Ингээд ойрын 108 хавьтлыг илрүүлж тусгаарласан бол 300 гаруй хоёрдогч хавьтлыг гэрт нь тусгаарлаад байна.
БГД-ийн 6 дугаар хорооны 43а байр нэг орцны зургаан иргэнээс халдвар илэрсэн. Тэгэхээр орцноосоо халдвар бие биенээсээ авсан байх эрсдэлтэй. Мөн өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байгаа. Тухайн орцны хоёр иргэний хувьд Мөнгөн гүүр эмнэлэг болон Иргэний нисэхийн ерөнхий газарт ажилладаг байсан. Бусад дөрвөн тохиолдол нь Ачтан эмнэлгийн хавьтал, гэртээ байсан.
Түүнчлэн 43 байрны зэргэлдээ 65 дугаар байрнаас 4-5 тохиолдол, мөн Ачтан эмнэлгийн ажилтны байр байрлаж байсан учраас хөл хорио тогтоосон юм.