Дэлхийн Шатрын Холбоо болон Гүрж улсын Шатрын Холбооноос хамтран 11-р сарын 27-ны өдрөөс 12-р сарын 23-ны өдрүүдэд өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах онлайн тэмцээнийг зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. /ЭНД дарах/
Хөвгүүдийн тав, охид тав, нийт 10 насны ангиллаар зохион байгуулагдаж буй уг тэмцээн нь Африк, Америк, Европ, Ази гэсэн дөрвөн тивийн хүрээнд сонгон шалгаруулах тэмцээнээр эхэлсэн бөгөөд 114 орны шатрын холбоодыг төлөөлөн нийт 1380 өсвөрийн шилдэг шатарчид оюун ухаанаа сорин цахимаар рапид төрөлд өрсөлдлөө.
Ази тивийн сонгон шалгаруулах шатны тэмцээнд Монгол улсаас 19 өсвөрийн шатарчид 10 насны ангилалд өрсөлдөж 11-12 насны охидын ангилалд ДШХДМ Д.Өнөрзул 3-р байрт, 11-12 насны хөвгүүдийн ангилалд Б.Ананд 4-р байрт тус тус шалгарсан амжилтаар хасагдах системээр зохион байгуулагдах өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах онлайн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцохоор шалгарлаа.
Тэмцээний шигшээ шатанд тив тус бүрээс шалгарсан болон насны ангилал тус бүрд Дэлхийн Шатрын Холбооны чансаагаар эхний 4-н байрт эрэмбэлэгдэж буй шатарчидтай нийлээд 16-н өсвөрийн шилдэг шатарчид өрсөлдөх юм. Тамирчид цагийн хяналт талдаа 15 минут, нүүдэл бүрт 5 секундийн нэмэгдэлтэй рапид төрөлд хасагдах системээр тойрог бүрд цагаан, хар талаас тус бүр нэг халз тоглолт хийж, оноо тэнцсэн тохиолдолд Армагеддон тоглолтоор шовхоо үзэж цахимаар зохион байгуулагдаж буй Өсвөрийн шатарчдын Дэлхийн аваргууд тодрох юм.
Хасагдах системээр зохион байгуулагдах шигшээ шатны тэмцээн Улаанбаатарын цагаар дараах хуваарийн дагуу явагдана:
- 12 дугаар сарын 19 - 23:00, 00:15 цагт шөвгийн 16
- 12 дугаар сарын 20 - 23:00, 00:15 цагт шөвгийн 8
- 12 дугаар сарын 21 - 23:00, 00:15 цагт шөвгийн 4
- 12 дугаарс сарын 22 - 23:00, 00:15 цагт Хүрэл медалийн төлөөх тоглолт
- 12 дугаар сарын 22 - 23:00, 00:15 Алтан медалийн төлөөх тоглолт
Эх сурвалж: Монголын Шатрын Холбоо