СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УОК, НОК-ын үл ойлголцлоос эрдэнэт хүний амь нас эрсэджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Хөдөө орон нутгаас ирсэн иргэд 22-ын товчоон дээр дунджаар 1-2 хонож байна. PCR шинжилгээ хийдэг явуулын лаборатори хариуг 24 цагт гаргадаг ба энэ зуурт нэг зорчигчийн бие нь муудаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Манай сурвалжлах хэсэг уг хэргийг тодруулж, талийгаачийн ар гэрийнхэн болон албан хүмүүсээс байр суурийг нь авч хүргэсэн /Уг мэдээллийг энд дарж үзнэ үү/ 

22-ын товчоон дээр гацаж, нийслэл рүү орж чадахгүй байгаа иргэдэд ганцхан шаардлага тавьж байгаа. Тэр нь тухайн иргэн заавал ПСР шинжилгээ буюу баталгаажуулах шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд нийслэл рүү оруулна гэсэн. 

Гэтэл УОК-оос аймгуудын Засаг дарга нарт илгээсэн бичигт өчигдрөөс буюу 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс хойш КОВИД-19 илрүүлэх түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариуг үндэслэн тухайн орон нутагт гацсан иргэдийг нийслэл хот явуулж болно гэж цагаан дээр хараар бичжээ.

Өөрөөр хэлбэл, УОК-оос "Түргэн оношлуурын шинжилгээний бичгээр Нийслэл рүү нэвтэрч болно" гэж мэдэгдсэн байхад нийслэлд энэ талаар нь мэдэж байгаа ч хүн байхгүй. НОК-ын албаны хүмүүс иргэдээс PCR шинжилгээний бичиг шаардаад байж байсан болж таарлаа. 

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр ч мөн адил УОК-ын шийдвэрийг дагалгүй НОК-ын шийдвэрийг үндэслэж "Нийслэл рүү орж ирж байгаа бүх иргэнээс PCR шинжилгээ авна. Яг одоо НЭМГ-ынхантай яриад сууж байна. Ачаалал үнэхээр хүнд байгаа. Явуулын цэгийг нэмэх талаар ярилцаад байж байна" гэсэн тайлбар өгсөн /Энэхүү ярилцлагыг энд дарж үзнэ үү/

Өнөөдөр нийслэл хот тойрсон товчоод дээр маш олон машин тэрэг хүн цуглаж, шинжилгээний хариугаа хүлээж хонон өнжин нойр хоолгүй, бензин шатахуунаа баран барин дугаарлаж байна. Товчоодын дунд ганцхан шинжилгээ авах цэг буюу явуулын лаборатори ажиллаж байгаагаас цаг хугацаа ихээр алдаж байна.

Тэр ч байтугай халдвар хамгааллын дэглэм хамгийн их алдагдаж мэдэх бүс товчоод болчихоод байна. 

Энэ үл ойлголцол дунд эрдэнэт хүн бага насны хүүхдийнхээ дэргэд машин дотор амь насаа алдлаа. Түүний ар гэрийнхэн өглөөхөн дараах тайлбарыг өгсөн билээ.

Нас барсан иргэний ар гэр:  

-Өчигдөр 22:00 цагийн үед 22-ын товчоон дээр ирсэн. Талийгаачийн бие муу явсан. Товчоон дээр ирэнгүүтээ түргэн тусламж дуудсан боловч ирээгүй, "Дүүрэгтээ ханд" гэсэн. Хоёр дахиа дуудахад ирсэн ч "Үхэх өвчин биш байна" хэмээн хэлсэн. Ингэсээр анхан шатны тусламж ч авч чадалгүй нас барчихлаа. Талийгаач хоёр хүүтэй. Нэг нь Сэлэнгэд байдаг. Нас барсны гэрчилгээгүй бол нааш явуулахгүй гэсэн. Тэр гэрчилгээ нь хэзээ гарах юм бүү мэд. Үүнийг шийдвэрлэж өгөөч хэмээн холбогдох хүмүүсээс гуйж байна. Цуг явсан хүн нь бидэнд мэдээлэл өгсөн. Түүнээс биш бид холбогдох хүмүүсээс нь мэдээлэл авч чадахгүй байна. Яагаад нас барсан иргэний ар гэрт мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ?

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.