Архангайгаас ирсэн иргэд 22-ын товчоон дээр ирээд хонон өнжин гацжээ. Өчигдөр 16-17 цагийн үед ирсэн иргэд одоо ч УБ руу орж чадахгүй байсаар байгаа аж. Энэ зуурт нэг зорчигчийн бие нь муудаж, Түргэн дуудсан боловч эмнэлгийн үйлчилгээ удаж ирсэнээр нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Бид энэхүү золгүй хэргийг тодруулахаар 22-ын товчоон дээрээс энэхүү шууд дамжуулалтыг хийж байна. Хөдөө орон нутгийн иргэд, тэр дундаа тахлын тохиолдол илэрсэн бүс нутгийн иргэдээс PCR шинжилгээ заавал авах УОК-ын шийдвэр гарсан. Гэвч ганцхан явуулын лаборатори ажиллаж байгаагаас иргэд 1-2 хонох нь хэвийн үзэгдэл болоод байна. Энэ хугацаанд иргэд даарч хөрөх, өлсөж цангах, тэр ч бүү хэл амь насаа алдсаар байна.
УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:
-Нийслэл рүү орж ирж байгаа бүх иргэнээс PCR шинжилгээ авна. Нас барсан иргэний талаар тодруулж байна. Яг одоо НЭМГ-ынхантай яриад сууж байна. Ачаалал үнэхээр хүнд байгаа. Явуулын цэгийг нэмэх талаар ярилцаад байж байна.
Нас барсан иргэний ар гэр:
-Өчигдөр 22 цагийн үед 22-ын товчоон дээр очсон. Замд бие нь муу явсан. Товчоон дээр ирэнгүүтээ Түргэн дуудсан боловч ирээгүй, "Дүүрэгтээ ханд" гэсэн. Хоёр дахиа дуудахад ирсэн ч "Үхэх өвчин биш байна" хэмээн хэлсэн. Ингэж анхан шатны тусламж авч чадалгүй нас барчихлаа. Одоо нэг ийм асуудал үүсээд байна. Талийгаач хоёр хүүтэй. Нэг нь Сэлэнгэд байдаг. Нас барсны гэрчилгээгүй бол нааш явуулахгүй гэсэн. Тэр гэрчилгээ нь хэзээ гарах юм бүү мэд. Үүнийг шийдвэрлэж өгөөч хэмээн холбогдох хүмүүсээс гуйж байна. Цуг явсан хүн нь бидэнд мэдээлэл өгсөн. Түүнээс биш бид холбогдох хүмүүсээс нь мэдээлэл авч чадахгүй байна. Яагаад нас барсан иргэний ар гэрт мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ?
Архангай аймгийн Онцгой комисс:
-Архангай аймгийн 60 орчим автомашинтай, 100 орчим иргэн 22-ын товчоон дээр байгаа гэсэн мэдээлэл байна. Талийгаачийн хувьд замдаа өвдөөд явсан юм билээ. 22 цагийн үед очоод, цагийн дараа дуудлага өгсөн. Гэвч ирэхгүй байсаар, 07 цагт ирсэн. Гэвч талийгаач 09 цагийн үед нас барсан.
Иргэн:
-Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас ой гаруйтай хүүхдээ авахаар ирээд байна. Өчигдөр орой ирсэн байна. Нааш гаргахгүй байгаагаас хүүхэд маань өлсөж, цангаад маш хүнд байна. Явуулын шинжилгээний тоогоо нэмэгдүүлээч ээ. Товчоон дээр ирсэн иргэд хоол хүнсгүй, машинаасаа бууж болохгүй, хүнд байдалтай байна шүү дээ.
Тэгвэл энэ асуудалд УОК-аас дараах тайлбар мэдээлэл өгчээ. /Энд дарж уншина уу/