АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарч, Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден ялалт байгуулсан ч Дональд Трамп ялагдал хүлээснээ хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч Трамп мэдэгдэл хийж сонгуулийн коллегийн албан ёсны дүнгээр АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийг баталгаажуулсан тохиолдолд Цагаан ордноос явна гэжээ.
Түүнчлэн сэтгүүлчдэд хандан ялагдлаа хүлээн зөвшөөрөх амаргүй байгаагаа хэлж, саналын хуудсыг луйвардсан гэсэн баталгаагүй таамгаа дахин давтсан байна.
Сонгуулийн коллегийн дүнгээр Байден 306, Трамп 232 саналтай ялагдал хүлээсэн. АНУ-ын Ерөнхийлөгч 270 санал цуглуулах ёстой бөгөөд ирэх сарын 14-ний өдөр сонгуулийн коллеги албан ёсны дүнгээ танилцуулснаар сонгуулийн дүн баталгаажих юм. Энэ удаагийн сонгуульд Байден Трампаас 6 сая иргэний саналаар илүүрхсэн буюу нийт 80 сая гаруй хүнээс санал авсан нь АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хамгийн олон санал авсан явдал болжээ. Мөн Байден энэ сард 78 нас хүрснээр АНУ-ын түүхэнд хамгийн ахмад Ерөнхийлөгч болох юм.
Ирэх оны нэгдүгээр сарын 20-ны өдөр ялагч тангаргаа өргөснөөр Трамп Цагаан ордныг хүлээлгэн өгнө. Трампын сонгуулийн менежерүүд олон тооны зарга үүсгэсэн боловч ихэнх нь бүтэлгүйтэж, буцаагдаж байна. Энэ долоо хоногоос эхлэн Байден өөрийн багийг бүрдүүлэн, танилцуулж эхэлсэн. Ингэхэд АНУ-ын түүхэнд анх удаа тагнуулын албыг эмэгтэй хүн удирдах ба дотоодын аюулгүй байдлыг анх удаа испани гаралтай эрхэм сахин хамгаалах ажээ. /Жо Байден багаа хэрхэн бүрдүүлэв/
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.