"Таны заавал сонсох 500 цомог" №62 Guns N’ Roses, "Appetite for Destruction"
"Таны заавал сонсох 500 цомог" №62 Guns N’ Roses, "Appetite for Destruction"

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Guns N’ Roses, "Appetite for Destruction"

Гарсан он: 1987 он
Төрөл: Хард рок, Хэви Метал
Үргэлжлэх хугацаа: 53:52
Лэбэл: Geffen

Хард рокын гол төлөөлөгч болох "Guns N' Roses" хамтлаг 1985 онд АНУ-ын Лос Анжелес хотноо байгуулагдаж байжээ. Тэдний хамгийн анхны цомог болох 1987 оны "Appetite for Destruction" цомог нь худалдаанд гараад жилийн дараа Биллбордын шилдэг 100 жагсаалтын тэргүүн эгнээнд жагссан байна. Уг цомогт нь бид бүхний сайн мэдэх "Welcome to the Jungle", "Sweet Child o' Mine" зэрэг дуунууд багтсан байдаг. "Appetite for Destruction" цомог дэлхий даяар 30 гаруй сая хувь борлогдсон нь анхны цомгоо гаргасан хамтлагийн хувьд төсөөллөөс нь давсан амжилт байлаа.

Цомог нийт 12 дуунаас бүрдэх ба нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол мэдээж алдарт ‘Welcome to the Jungle’. Энэхүү дууг хамтлагийн ахлагч, дуучин Акс Роус Сиатл хотноо найзындаа зочлох үеэрээ шүлгийг нь зохиосон гэдэг. Хамтлагийн ритм гитарчин Иззи Стадлин энэ дууны талаар: "Энэ бол Холливүүдийн гудамжны жинхэнэ амьдралыг өгүүлсэн дуу" хэмээн хэлсэн байдаг. ‘Welcome to the Jungle’ дууны үг маш хүчтэй бөгөөд та бүхэн дуугаа сонсохдоо утгыг нь ойлгож сонсохыг зөвлөж байна. 

Харин эхний синглээр цацсан дуу нь "It's So Easy" болон "Mr. Brownstone" байлаа. 

 "Guns N' Roses" хамтлаг болон тэдний "Appetite for Destruction" цомгийн тухай ярихын тулд "Sweet Child o' Mine" дууг сонсолгүй өнгөрч болохгүй. Энэ дуу бүтсэн түүх нь маш энгийн: Хамтлагийн гоцлол гитарчин Слаш бэлтгэлийн үеэр санамсаргүй аяз тоглож түүнийг нь сонссон дуучин Аксл Рөүс үг бичиж эхэлсэн гэдэг. Дууны шүлгийг Аксл Рөүс өөрийн найз охин Эрин Эвэрлидээ зориулан бичсэн байна. ‘Sweet Child O’Mine’ маш их алдрыг хүртэж байсны зэрэгцээ дижитал хувилбар нь 2012 онд 3 сая орчим хувь интернэтээр зарагдсан байдаг. 

Эцэст нь энэхүү нийтлэлийг өгүүлэгч миний бие өөрийн дуртай дуунуудын нэг болох "Paradise City" дууг онцлон сонгож байна. "Paradise City" нь "Appetite for Destruction" цомгийн дөрөв дэх синглээр цацагдсан байдаг. 

   

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл