Баянзүрх дүүргийн Засаг дарга асан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдавааг АН-ын дарга С.Эрдэнэ дөрвөн жилийн хугацаатай намын гишүүнчлэлээс түр түдгэлзүүлсэн байна. Ийнхүү Ерөнхийлөгчийн зөвлөх 2022 оны 11 дүгээр сарын 5-ныг дуустал Ардчилсан намын гишүүнээр “овоглохгүй” боллоо.
Сахилгын шийтгэл ноогдуулах тухай АН-ын даргын тушаалд “...намын гишүүний үүргээ удаа дараа зөрчсөн нь тогтоогдсон...” гэж бичжээ. Бусад дүүрэгт нам нь ташраараа ялагдаад байхад хоёр сонгууль дараалан өөрийн дүүрэгт намаа ялуулсан Д.Пүрэвдавааг нам нь яагаад шийтгэв гэдэг асуулт сонирхол татаж байна.
Энэхүү шийдвэр нь саяхан болж өнгөрсөн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ)-ны тэргүүнийг сонгох сонгуультай шууд холбоотой юм байна. Баянзүрх дүүргийн төлөөлөгчдийн АЭХ-ны чуулганд оролцох гишүүнийг тодруулсаар байтал “дээрээс” өөр хүн томилсныг эсэргүүцэн Баянзүрх дүүргийн намын гишүүд нь тэмцэж, эсэргүүцлээ хүчтэйгээр илэрхийлсэн тухай бид та бүхэндээ өнгөрсөн бямба гаригт мэдээлж байсан.
Баянзүрх дүүргийн АН-ын гишүүд:
“АН-ын БЗД-ийн 4-р үүрийн эмэгтэйчүүд хуралдаад АЭХ-ны чуулганд оролцох тѳлѳѳлѳгчдийг сонгосон байтал АН-ын Үндсэн дүрмийн 3.9.1.17-д Тѳрийн сонгуульд АН-аас болон хамтран оролцож буй эвслийн нэр дэвшигчийн эсрэг ажиллаж зѳрчил гарган 4-8 жилийн хугацаатай намаас хасагдсан Д.Оюунтуяаг гэгчийг тѳлѳѳлѳгч хэмээн бүртгэж нууцаар чуулган хийх гэж байгаа С.Эрдэнэ чиний үйлдэл АРИУН ЯВДАЛ УУ?”,
“АН-ын БЗД-ийн 12-р үүрийн эмэгтэйчүүдийн хурлаар БЗД-ийн АЭХ-ны чуулганы тѳлѳѳлѳгчѳѳр сонгогдсон тѳлѳѳлѳгчдийг үл ойшоон ѳѳр дүүргийн иргэнийг чуулганд оролцуулах гээд байгаа чинь АРИУН ЯВДАЛ УУ” хэмээн намын дарга С.Эрдэнэд хаяглан эсэргүүцэл үзүүлэхээр зогсохгүй, арга хэмжээг нь үймүүлсэн.
Тэд “Салдангийн Одонтуяа 2016 онд ялагдчихаад ширэн нүүрлээд нэр дэвшээд байна. Үндсэн дүрэмтэй нам уу, Эрдэнийн дүрэмтэй нам уу” хэмээн хашгиралдаж байсан юм.
Энэ бүх үймээн, турхирааныг Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа зохион байгуулж, намын дарга болон намын бодлогын эсрэг ажилласан гэж үзсэн учир түүнийг тийнхүү дөрвөн жил намаас хол “цөлжээ”.
Ер нь сүүлийн үед Ардчилсан намын дарга С.Эрдэнийг намаа Баянгол дүүргийг сүлжээгээр хайрцаглан, сонгуульддаг байдлаараа удирдаж байна гэж шүүмжилж байгаа. Энэ нь С.Одонтуяаг АЭХ-ны даргаар тавих гэж хэт улайрсан, үүндээ хүрэхийн тулд намын дотоод дүрмээ зөрчин, жирийн гишүүдтэйгээ зүй бусаар харьцсанаас харагдаж байна гэж үзэж байгаа юм.