Сугар гарагаас манай дэлхий дээр байдаг байгалийн хийн элементийг олж илрүүлсэн тухай бид өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан. Амьдрал бүрэлдэн бий болсныг баталдаг фосфин хийн элемент нь шатамхай, хортой бөгөөд хүчилтөрөгч шаарддаггүй, нян бактериас гардаг байна.
Тэгвэл энэхүү нээлтээс хэдхэн хоногийн дараа ОХУ-ын сансар судлалын "Роскосмос" агентлагийн тэргүүн Дмитрий Рогозин Сугар гарагийг "Оросын гараг" хэмээн зарлажээ. Үүний шалтгаан нь хуучин Зөвлөлт Холбоот Улс хэдэн арван жилийн өмнө Сугар гараг дээр эрдэм шинжилгээний автомат станц илгээж байсан учраас гэж Дмитрий Рогозин тайлбарлав.
Тэрээр "Манай улс Сугар гараг дээр амжилттай буулт хийсэн анхны бөгөөд цорын ганц улс байсан. Бидний сансрын хөлөг тус гарагийн талаар мэдээлэл цуглуулсан - тэнд яг л там шиг" гэсэн байна. Рогозин үргэлжлүүлэн "Сугар бол Оросын гараг гэж бид итгэдэг" гэжээ.
Зөвлөлтийн үеийн Венера хөтөлбөр нь Сугар гарагийн талаар илүү ихийг мэдэх зорилготой байсан. 1961-1984 оны хооронд үргэлжилсэн уг хөтөлбөр хэд хэдэн ололт амжилтад хүрсэн бөгөөд 1970 оны арванхоёрдугаар сарын 15-нд Сугар гараг дээр анх удаа зөөлөн газардалт гүйцэтгэж байсан аж.
Харин "НАСА" агентлагийн удирдах ажилтан Жим Бриденстайн Сугар гарагийг Дэлхийгээс гадуурх амьдралыг эрэлхийлэх нэг цэг хэмээн онцолсон байна. Тус агентлаг ирэх жил Сугар гарагийг судлах хоёр даалгаврыг гүйцэтгэхээр хэлэлцэж байгаа гэнэ. Бриденстайн энэ талаар "Нэг нь Сугар гарагийн агаар мандлыг ойлгоход, нөгөө нь тус гарагийн геологийн түүхийг судлахад анхаарлаа төвлөрүүлэх болно" хэмээжээ.
Эх сурвалж: Fox News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.